Ч.Өнөрбаяр: Намын хуучин даргын бүртгэл нь хууль зүйн хувьд хүчинтэй

Ч.Өнөрбаяр: Намын хуучин даргын бүртгэл нь хууль зүйн хувьд хүчинтэй

Ардчилсан намаас зохион байгуулдаг 4/11 уулзалтын үеэр тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. 

Тодруулбал тэрбээр, "Хуулийн дагуу УИХ-д суудалтай нам эвсэл Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхтэй. Ардчилсан намын хувьд аль нэгэн намтай эвсэл болж УИХ-ын сонгуульд оролцоогүй. Дангаараа орсон. УИХ-д бүлэгтэй.

Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох зүйл, заалт, Дээд шүүхийн тогтоолын дагуу намын хуучин даргын бүртгэл нь хууль зүйн хувьд хүчинтэй байна. Хэрвээ шинэ дарга бүртгэсэн байсан бол Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн намын гэрчилгээн дээр шинээр бичилт хийж, мэдээлэл нь өөрчлөгдөх байсан.

Гэхдээ энэ нь Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан нам оролцохгүй гэсэн ойлголт биш юм. Ерөнхийлөгчийн сонгууль бол төрийн сонгууль. Үндсэн хууль болон бусад хуулийн дагуу явагдах ёстой. Харин Ардчилсан намын дотоод асуудал бол дүрэм, журамтай холбоотой маргаан. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан нам оролцохгүй гэж буй нь ташаа ойлголт. 

Улсын дээд шүүхээс шийдвэрээ гаргасан. Нэг асуудлаар хоёр материал очсонтой холбоотойгоор мөн шүүхийн маргаан бий учраас хоёр талын хүсэлтийг хангалгүй буцаасан. энэ нь улс төрийн намын дотоод маргаанд шүүх оролцохгүй гэсэнтэй холбоотой байх. Яриад буй шүүхийн маргаан энэ долоо хоногт шийдвэрлэгдэнэ.  Бидний хувьд шүүхэд хандах гарц, хууль зүйн гаргалгаа бий" гэлээ.