Ерөнхийлөгчийн хоригоор АН-ын бүлэг завсарлага авлаа

Ерөнхийлөгчийн хоригоор АН-ын бүлэг завсарлага авлаа

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 2 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн УИХ-ын дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 38 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ.

УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авах санал гаргасан. Харин хугацаатай асуудал учраас АН-ын бүлэгт хоёр цагийн завсарлага өглөө.

УИх-ын гишүүн С.Одонтуяа "Би 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан. Өнөөдрийнх нь шиг захиалгаар, хэт улс төрждөг байгууллага биш. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зүйл заалт тусгаагүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж түүхэнд байгаагүй маргаан үүсгэсэн. Энэ маргаан нь үүссэн цагаасаа эхлээд дүгнэлт гаргах хүртлээ хууль бус, процессын алдаатай байгааг Цэцэд ажиллаж байсан хуучин гишүүд, хуульчид гайхаад байгаа. Өмнө нь иргэд Цэцэд гомдол мэдээлэл хүргүүлэхэд ийм гомдолд маргаан үүсгэж байгаагаа буцааж байсан. Гэтэл өнөөдөр улс төрийн захиалгаар ийм маргаан үүсгэ:ж байгааг гайхаж байна. Цэцийн хоёр гишүүн нь энэ хууль бус үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлээд, Цэцийн даргадаа гомдол гаргаад байхад авч хэлэлцэхгүй байна. Цэцийн гишүүд нь нэгдсэн дүгнэлтэд хүрээгүй, Цэц бүхэлдээ дотооддоо зөрчилтэй байхад УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь буруу" гэв.