“Нэгж аваад ирье” гэж гэрээсээ гарсан бүсгүйн нууцлаг үхлийн хэргийг “цогцос удсан шалтгаанаар” хаажээ

“Нэгж аваад ирье” гэж гэрээсээ гарсан бүсгүйн нууцлаг үхлийн хэргийг “цогцос удсан шалтгаанаар” хаажээ

Баянхошууны хөтөл. 2020 оны нэгдүгээр сарын 20. Энэ өдөр Л.Наранмандах хэмээх бүсгүй “нэгж авчхаад ирье” хэмээн гэрээсээ гараад буцаж ирээгүй юм. Нас өндөр гарсан аав, ээж нь тухайн өдрийн шөнө хүртэл охиноо хүлээгээд арга ядан цагдаагийн газар мэдэгдсэн байдаг.

Нэг сар, хоёр сар, гурван сар өнгөрөв. Газар дээрх ганц охиноос нь сураг тасрав.  Хаалга дуугарах бүрт охиноо гэнэтхэн ороод ирэх юм болов уу гэж хоёр хөгшин хүлээсээр. Гэвч зургадугаар сарын 10-ны өдөр “тэнгэр нурах” мэт болж, хайрт охиных нь цогцос жалганаас олдсон юм.

-ОХИНЫ МААНЬ ЦОГЦОС ХЭЭР ХӨДӨӨ ОЛОН ХОНОГ БАЙСАН УЧИР МӨРДЛӨГ ЯВУУЛАХАД ХҮНДРЭЛТЭЙ ГЭЭД ХААСАН БАЙХ-

Бид талийгаачийг алга болсон цагаас эхлэн гэр бүлийнхэнтэй нь холбоотой байж сураг чимээ дуулдсан эсэхийг асуудаг байлаа. Бүсгүйг алга болсны дараахан ээж Х.Одгэрэл гуайтай холбогдоход “Цагдаагийн байгууллагаас хамгийн сүүлд МУБИС-ийн орчимд охин маань явж байсан нь камерт бичигдсэн байсан. Түүнээс цааш хаашаа явсныг олж тогтоох боломжгүй байна гэсэн. Хөгшин бид хоёр арга ядаад эрж сурж, бөө дээр очиход “охин чинь битүү газарт байна” гэж хэлсэн. Миний охин ямар ч хорт зуршилгүй, элдэв аашгүй үлгэр жишээ сайн хүүхэд.  Охиноо эрүүл саруул инээгээд ороод ирнэ дээ гээд өдөр шөнөгүй хүлээж сууна” хэмээн зангирсан хоолойгоор, гэвч итгэл  найдвар тээсэн өнгөөр бидэнд ярьсан юм.

Гэвч дахин холбогдоход итгэл найдвар нь бөхсөн байлаа. Учир нь охиных нь цогцос зургадугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт орших “Хүрэл Тогоотын ам” хэмээх газраас олдсон юм.

Талийгаачийн цогцсыг анх унадаг дугуйтай хүүхэд олж, эцэг эхдээ хэлснээр цагдаагийн албан хаагчид мэдсэн байдаг. Цогцос олон хоног хээр удсан шинжтэй, царай төрхөөр нь танихад бэрх болсон учир Х.Одгэрэл гуай нөхрийн хамт охиныхоо алга болсон өдрөө өмсөж явсан ногоон малгайтай хүрэм, хар өмд, богино түрийтэй үдээстэй хар гутал зэргээр нь таньсан талаар бидэнд хэлсэн юм.

Тэгвэл бид охиных нь үхлийн хэрэг ямар шатан дээрээ яваа талаар Х.Одгэрэл гуайгаас дахин тодруулахад, Тэрбээр “Охины маань хэргийг цагдаагийн байгууллагаас эрт хаасан. Хэрэгтэн олдоогүй, охины маань цогцос хөдөө хээр олон хоног байсан учраас мөрдлөг явуулахад хүндрэлтэй байсан биз.  Бид хоёр хоёулаа нас дээр гарсан улс учраас мөрдлөг ямар шатан дээр байгаа талаар хөөцөлдөж, араас нь сайн “явж” чадаагүй.  Газар дээрх ганц охиноо алдсан бидэнд ямар олиг байхав. Хөөрхий охиноо бодохоор цээж дотор бачуурч, өр өвдөх юм. Охиноосоо хойш арайхийн амьдарч байна” гэсэн юм.

-ОХИД БҮСГҮЙЧҮҮД СУРАГГҮЙ АЛГА БОЛСООР, ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОСООР БАЙХ УУ-

Харамсалтай хэрэг үүгээр дууссангүй. Л.Наранмандах бүсгүйн цогцос олдсоноос хоёр сарын дараа буюу 2020 оны наймдугаар сард Налайх дүүргийн нутаг дэвсгэр Тэрэлжийн Мэлхий хадны орчимд 25 настай н.Оргил хэмээх бүсгүй бясалгал хийж байгаад ор сураггүй алга болсон байдаг. Бүсгүйн сураг, ажиг өдөр хоног бүрт бүдгэрч, ар гэрийнхэн нь санаагаа чилээн сэтгэлээ шаналгаж байна.

Бүсгүйг алга болсон газарт манай сурвалжлах баг очиж гэрчээс ярилцлага авахад “оройн 22:00 цаг болчихсон байсан байх. Оргил ээж рүүгээ залгаад “ирж аваач” гэж ярьсан. Би тэр үед нь “Энэ харанхуй шөнө ээжийгээ нааш нь явуулж яах гэсэн юм бэ. Санаа нь зовчихно. Өнөө шөнөдөө хоночхоод, маргааш хүмүүс ирэхээр суугаад явахгүй юу” гэж хэлсэн юм. Оргил хэсэг байж байгаад ээж рүүгээ “За за, би бүтэн сайн өдөр хүртэл бясалгахаар боллоо. Ирж аваад хэрэггүй. Гэр рүүгээ буц” гэж ярьсан. Харин ээж нь “Бид нар Налайхад ирчихсэн байна. Чи байж бай, одоо очоод авлаа” гэх шиг болно лээ. Түүнээс хойш гэнэтхэн гэрийн гадаа хүмүүс дуугараад явчихсан. Гэтэл Оргил “Ээж ирчихсэн юм шиг байна. Гадаа хүмүүс дуугараад байна” гээд гарсан юм. Удалгүй “биш байна” гээд буцаж орж ирсэн. Харин тэр хүмүүс нь манайд бясалгахаар ирдэг хэдэн хүмүүс байсан. Тэр хэд хамт орж ирцгээгээд бид нар хэсэг юм ярьж суусан юм. н.Оргил жаахан сууж байгаад “одоо ирчихсэн байх” гээд ахиад гарсан. Тэгээд орж ирээгүй. Харин түүнийг гарснаас 10-20 минутын дараа ээж, ах хоёр нь асуусаар орж ирсэн. Тэр үед гайхаад бүгд гадуур гарж хайцгаасан. Ингээд гэнэт алга болчихно гэж бодоогүй. Бид шөнөжин үүр цайтал хайсан” гэсэн юм.

Тухайн үед Цагдаа, Онцгой байдлын алба, дотоодын цэргийнхэн нийлж нэлээн их хүч хаян бүсгүйг хайсан ч харамсалтай нь өнөөдрийг хүртэл олоогүй хэвээр л байна.

Сураггүй алга болсон бүсгүйчүүдийн тоо нэгээр нэмэгдэв. Хэдхэн хоногийн өмнө буюу тавдугаар сарын 26-ны өдөр 31 настай Г. Үүрийнтуяа гэх бүсгүй ажилдаа явахаар гэрээсээ гарсан ч одоог хүртэл олдоогүй байна. Бид Г.Үүрийнтуяагийн гэрт очиж ах, эгч хоёртой нь уулзахад “цагдаагийн байгууллагад дүүгээ алга болсон талаар ярьтал хувцас хараад л хөөчихсөн” хэмээн цөхөрсөн байдалтай ярьсан юм. 

“Нэгж аваад ирье” гэж гарсан охин нь энэ хорвоогоос явчихсан байна гэж хоёр буурай төсөөлөөгүй, эцсээ хүртэл итгэл тээн, залбирч байсныг бид мэднэ. Гэвч бүсгүй яаж яваад амиа алдав, бусдын гарт байв уу.  Бүсгүйн  цогцос  яагаад хаа байсан “Хүрэлтогоотын ам”-д жалганаас олдов гэдэг асуулт үлдэв. Харин одоо н.Оргил, Г.Үүрийнтуяа хэмээх хоёр бүсгүй сураггүй хэвээр, ээж, аав, ах, эгч нь хайртай охиноо, дүүгээ эрүүл саруул олдоосой хэмээн залбирч сууна.