ТОДРУУЛГА: Баяр наадмын комисс маргааш 10.00 цагт хуралдаж "наадам зохион байгуулах эсэх"-ээ ярилцана

ТОДРУУЛГА: Баяр наадмын комисс маргааш 10.00 цагт хуралдаж "наадам зохион байгуулах эсэх"-ээ ярилцана

Коронавирусийн халдварын нөхцөл байдал хүндэрч, халдвар авах иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж буйтай холбоотойгоор Улсын баяр наадмыг зохион байгуулахгүй байх уриалгыг олон нийтийн зүгээс гаргаад буй.

Энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож буй бөгөөд баярыг 10 тэрбум төгрөгөөр зохион байгуулахаар төсөвлөсөн. Тэгвэл иргэдийн зүгээс уг 10 тэрбумыг коронавирусийн эмчилгээнд тэр дундаа өвдсөн хүмүүст эмийн багц бүрдүүлж өгөхөд зарцуулах ёстой гэх саналыг гаргаад байгаа юм. Мөн наадам зохион байгуулбал халдварын тоо илүү их нэмэгдэх магадлалтай гэж буй. 

Тэгвэл маргааш /2021.06.15/ Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс 10.00 цагт хуралдаж наадмыг зохион байгуулах эсэх асуудлыг хэлэлцэх аж. Ингэхдээ эцсийн шийдвэрийг гаргахгүй ч байж мэдэх аж. Ямартай ч эхний байдлаар хэлэлцэхээр төлөвлөсөн гэх мэдээллийн албаны хүн өглөө. 

Үүнээс өмнө өнөөдөр 14.00 цагт Улсын онцгой комисс хуралдах бөгөөд мөн наадам зохион байгуулах асуудлыг хэлэлцэх аж. Өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг маргаашийн наадмын комиссын хуралдаанаар хэлэлцэх юм байна. Одоогоор наадам зохион байгуулах эсэх талаар ямар нэгэн шийдвэр албаны түвшинд огт яригдаагүй бөгөөд маргааш эхний байдлаар тодорхой болох юм байна.