Монголд дэлхийн хамгийн үнэтэй тансаг зэрэглэлийн автомашинууд худалдаалагдах нь ховор. Харин 2023 онд үйлдвэрлэгдсэн Lamborghini Huracán STO загварын автомашиныг 1.9 тэрбум төгрөгөөр худалдаалахаар зар байршуулаад байна.
Тодруулбал, BB Car Sales компани өөрийн цахим хуудсаар дамжуулан Lamborghini брэндийн Huracán STO загварыг худалдаалахаар танилцуулжээ. Зарын мэдээллээр уг автомашиныг 2026 онд Монголд импортолсон бөгөөд есөн мянган км явсан, 640 морины хүчтэй, 5.4 литрийн багтаамжтай бензин хөдөлгүүртэй гэжээ. Lamborghini Huracán STO нь энгийн суудлын автомашин бус, уралдааны автомашины технологийг шингээсэн өндөр хүчин чадалтай дэлхийн хамгийн супер спорт загварын автомашин юм.
Үйлдвэрлэгчийн мэдээллээр 5.2 литрийн V10 хөдөлгүүртэй, 640 морины хүч гаргах хүчин чадалтай бөгөөд 0-100 км/цагийн хурдыг гурван секундэд авах боломжтой. Дээд хурд нь 310 км/цаг хүрдэг байна.
Ийм төрлийн автомашиныг Монголд оруулж ирэхэд худалдан авах үнээс гадна тээвэр, гааль, татвар зэрэг зардал нэмэгддэг. Тухайлбал, 2026 оны наймдугаар сарын 10-наас эхлэн импортын суудлын автомашины гаалийн үнэ 360 сая төгрөгөөс давсан тохиолдолд давсан хэсэгт нь 33 хувийн нэмэлт онцгой албан татвар ногдуулах зохицуулалт хэрэгжиж эхэлсэн. Энэ нь өндөр үнэтэй автомашины импортын өртөгт нөлөөлөх татварын шинэ зохицуулалт юм.