ХӨШИГНИЙ АРД: МАН энэ сарын 24-нд Их хурлаа хийж Л.Оюун-Эрдэнийг даргаараа томилно

ХӨШИГНИЙ АРД: МАН энэ сарын 24-нд Их хурлаа хийж Л.Оюун-Эрдэнийг даргаараа томилно

Ерөнхийлөгчийн сонгууль болдгоороо болж МАН-ын дарга У.Хүрэлсүх ялалт байгуулав. Тэрбээр энэ сарын 25-нд Ерөнхийлөгчийн тангарагаа өргөх бөгөөд үүний өмнө хуулийн дагуу намын ажлаа албан ёсоор  хүлээлгэн өгөх ёстой. 

Энэ хугацааг МАН-аас тооцож энэ сарын 24-ны өдөр Их хурлаа товлосон байна. Уг хурлаар намын шинэ даргыг сонгоно. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН-ын даргын өрсөлдөөнд  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын дарга Г.Занданшатар нар голлон оролцоно гэх мэдээлэл байна. Тэднээс гадна  Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Ерөнхий сайд асан УИХ-ын гишүүн С.Батболд, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын сул нэрс ч хөвөрч байгаа юм. 

Гэхдээ У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнийг дэмжиж буй бөгөөд түүнээс өөр тов, тодорхой хувилбаргүй байгаа аж. Энэ утгаараа Л.Оюун-Эрдэнэ намын дарга болох тохироо аль хэдийн хийгдсэн байна. 

МАН-ын дүрэмд намын дарга, Ерөнхий сайдын албыг хашина гэж заасны дагуу бодоход Л.Оюун-Эрдэнэ намын даргад дөхнө. МАН дотор намын даргын төлөөх, дараагийн Ерөнхий сайдын өрсөлдөөн аль хэдийн битүүхэн эхэлсэн бөгөөд Г.Занданшатар, С.Батболд гэх эвгүй фракцууд хөдлөхөөс өмнө ийнхүү яаравчлан хуралдаанаа хийхээр болжээ.