Б.Энхбаяр: Ковидын хууль хүний үндсэн эрхийг хязгаарлаж буй учир сунгаж болохгүй

Б.Энхбаяр: Ковидын хууль хүний үндсэн эрхийг хязгаарлаж буй учир сунгаж болохгүй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг сонсож байна. Илтгэлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "2019 оны тайланг өнөөдөр сонсож байна. ХЭҮК-ын гишүүдийг боломжийн ажиллаж байгаа гэж бодож байна. Тайлан илтгэлүүдийг УИХ-ын сайн уншиж, танилцах ёстой. ХЭҮК цар тахлын үед УОК-ын шийдвэр гаргах ажилд оролцож байгаа юу. Ямар зөвлөмж шаардлага өгсөн бэ. Энэ хугацаанд гарсан хүндрэлүүд байсан уу. Засгийн газар цар тахлын үед хүний эрхийг зөрчиж байгаа, эсэх, хууль бусаар хязгаарлаж байгаа дээр хяналт тавьсан уу. Ковидын хуулийн үйлчлэл долдугаар сард дуусна. Энэ хуулийн үйлчлэлийг сунгах, эсэх дээр ХЭҮК ямар байр суурьтай байгаа. Миний хувьд хуулийн үйлчлэлийг сунгах, эсэх дээр эргэлзэж байгаа. Энэ хуулиар дамжуулж хүний үндсэн эрхийг хязгаарлах боломжийг олгохгүй байх үүднээс би энэ хуулийг сунгахгүй гэсэн байр суурьтай байгаа" гэв. 

Харин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Монголд хүний эрх гэдэг юм олигтой болоогүй байхад 360 хуудастай 1000 ширхэг ном гаргаж тараадгаа болимоор байна. Баахан ярьдаг хүмүүсийн цуглуулга болсон. Та нар дахиж нэг байгууллага байгуулж авсан. Ордон тойроод л хэдэн гишүүдийг лоббидоод, хэдэн цаас үйлдвэрлээд хүний эрх хангагдахгүй. Энхсаран сувиллын булхайтай үйл ажиллагааг илчилсэн залууг Зөрчлийн хуулиар торгохоор болгож, дараа нь эрүүгийн хэрэг үүсгэхээр болсон. Монголд үнэнийг хэлсний төлөө Зөрчлийн хуулиар торгуулж, эрүүгийн хэрэг үүсгэж болохгүй. Цар тахал гээд хүмүүсийн үг хэлэх эрх чөлөөг хааж болохгүй. Одоо юун хүний эрх, ил тод байдлыг хаадаг, нуудаг болсон. Ялангуяа эрх баригчид, төрийн албан хаагчид, цүнх баригчид хүний эрхийг ноцтой зөрчиж байна. УИХ 2019 оны номыг чинь яриагүй байна. Ном уншихаас илүү зориг зүрхтэй, дайчин байж энэ ажлыг хийдэг. Би одоо бол жаахан гутарч байна" гэлээ.