Олимпийн наадам эхлэхээс сарын өмнө Токио хотод зарласан онц байдлыг цуцлахаар болов

Олимпийн наадам эхлэхээс сарын өмнө Токио хотод зарласан онц байдлыг цуцлахаар болов

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон Олимпийн наадам нэг сарын дараа Японы Токио хотод эхлэх гэж байна. Гэвч халдварын нөхцөл байдлын улмаас Японы Засгийн газар Токио тэргүүтэй хэд хэдэн хотод өнгөрсөн дөрөвдүгээр сард онц байдал зарлаад байсан юм. Тэгвэл энэ ням гарагт/2021.06.20/ онц байдлын зэргийг бууруулна хэмээн тус улсын эрх баригчид мэдээллээ.

Гэхдээ зарим хязгаарлалт долдугаар сарын 11 хүртэл үргэлжлэх юм байна. Тухайлбал, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хүний хязгаартай зохион байгуулах аж.

Олимпийн наадам эхлэхтэй зэрэгцэн хүний бөөгнөрөл үүсэж халдварын тархалт эрчимжиж эрсдэлтэй хэмээн Японы эрүүл мэндийн салбарынхан анхааруулж буй. Тиймээс Ерөнхий сайд Ёшихидэ Суга Японы иргэдийг наадмыг биечлэн ирж биш телевизээр үзэхийг уриалжээ.  Японы Олимпийн хорооноос гадаадын үзэгчдийг наадамд оруулахгүй байх шийдвэрийг өнгөрсөн сард гаргасан. Харин Японы  иргэд биечлэн ирж үзэж болох эсэх нь одоогоор шийдэгдээгүй байна.

Өнгөрсөн сарын сүүлээр тус улсад өдөрт бүртгэгдэх халдварын тоо 5 мянгад хүрч байв. Харин зургадугаар сар гарсаар халдварын тохиолдол аажмаар бууж эхэлсэн нь хязгаарлалтыг цуцлахад нөлөөлжээ. Тус улсад сүүлийн 24 цагт коронавирусийн 1717 тохиолдол бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: CNN