С.Баярсайхан: Ц.Оюунгэрэл эгч “Ногоон нүдэн лам”-ын дүрүүдийг хайр найргүй “эвдэж” чадах хүнийг хайж байсан. “Тэр хүн нь чи” гэж надад итгэсэн

С.Баярсайхан: Ц.Оюунгэрэл эгч “Ногоон нүдэн лам”-ын дүрүүдийг хайр найргүй “эвдэж” чадах хүнийг хайж байсан. “Тэр хүн нь чи” гэж надад итгэсэн

“Ногоон нүдэн лам романаас сэдэвлэсэн киноны эхний 20 ангийн зохиол бичигдэж дууссан. Одоо 10 анги үлдлээ” гэсэн мэдээг анх цахим сүлжээнээс харчхаад уншигчдын адил догдолж байв. Постыг нийтэлсэн “Golconda” нэгдэл рүү залгатал дунд эргэм насны нэгэн эрэгтэй авч, тун эелдгээр ярилцлагын урилгыг хүлээн авав.  

Чухам ямар эрхэм кино зохиолыг нь бичиж байгаа юм бол, номоос үйл явдал нь өөр байх болов уу, эсвэл…гэсэн түм, бум асуулт өвөртөлсөөр болзсон газар руугаа хөдөллөө. Гэтэл Драмын урлагийн шилдгүүдийн “Гэгээн Муза” наадмын хошой шагналт, МЗЭ-ийн шагналт зохиолч, найруулагч Соёлтын Баярсайхан кино зохиолын багийн залуустайгаа биднийг угтав. Ийм “том” хүн залуу сэтгүүлч намайг “тоож” уулзсанаар барахгүй, кино зохиол, кино урлагийн талаар цаг гаруй ярилцсан нь нэр төрийн хэрэг байсныг дурдах юун.

СОНСОХ:

-НОГООН НҮДЭН ЛАМ”-ЫГ ХҮМҮҮС АЛЬ ХЭДИЙН УНШЧИХСАН, МЭДДЭГ БОЛЧИХСОН. ТЭГЭХЭЭР КИНО НЬ НОМНООСОО ТЭС ӨӨР БАЙЖ ГЭМЭЭН ҮЗЭГЧДИЙН СОНИРХЛЫГ ТАТНА-

-“Ногоон нүдэн лам” бол Монголын уншигчдад аль хэдийн танил болчихсон роман шүү дээ. Киног нь тэсэн ядан хүлээж байгаа хүн маш олон байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ романыг кино зохиол болгож “амилуулах” санаа анх хэрхэн төрсөн юм бэ?

-Миний хувьд кино болгоё гэсэн саналыг анх зохиогчид тавиагүй. Ер нь Ц.Оюунгэрэл эгчид “таны романаар кино хиймээр байна, хамтарч ажиллая” гэдэг санал маш их ирдэг байсан юм байна лээ. Харин Ц.Оюунгэрэл эгч “надад хэрэгтэй хүн маань гарч ирээгүй байна, миний хүсээд байгаа хүн олдохгүй байна” гэж нэлээн явсан гэсэн. Тэгээд л нэг өдөр надтай уулзаад “Баяраа чи л хий. Чи номыг маань кино зохиол болгоод аль” гэж хэлсэн. Дараа нь Б.Идэр-Од, Ц.Оюунгэрэл эгч бид гурав фейсбүүкт групп чат нээж, хоорондоо нэлээн ярилцсан. Ингэж л их ажлын эхлэл тавигдсан даа.

-Танд кино зохиол бичих санал ирэхэд анх яаж хүлээж авсан бэ. Хүлээлт маш өндөр байгаа. Хүлээлтээс давж чадсан зохиол болгож чадах болов уу гэсэн бодол төрж байв уу? 

-Яаж ч хүлээж аваагүй. Миний хийдэг, хийх ёстой ажил учраас чадна л гэж бодсон. Ц.Оюунгэрэл эгч яагаад надад хандсаныг нь мэдэхгүй. Миний дураараа байдал, оюун санаа, характерыг хараад “энэ хүн л хийх юм байна” гэж бодсон байх. Тэр том телевиз, продакшнуудаас татгалзаж санал тавьсанд маш их баярлаж байгаа. Итгэлийг нь алдчихгүй юмсан, нүсэр ажил шүү дээ.

-Кино зохиолын багт хэчнээн хүн нэгдэн ажиллаж байна?

-Кино зохиол дээр давхардсан тоогоор яривал 10 гаруй хүн бий. Яг эхнээс нь “яс сууж”, гардаж хийж байгаа гэвэл гурав, дөрвөн хүн байгаа.

-Нээрээ кино зохиолын баг хэрхэн бүрэлдсэн юм бэ?

-Сонгон шалгаруулалт зохион байгуулсан. Надтай 37,38 гаруй залуу зохиолч холбогдсон байх шүү. Би тухайн үед хүн бүрт сэдэв өгч, бичүүлж байгаад шигшиж, энэ баг маань бүрэлдсэн дээ.

-Олон хүн сонирхож байгаа байх. Кино зохиол номоос хэр өөр бичигдэж байгаа бол гэж?

-Кинонд сцени гэж зүйл бий. Сцени болгон ямар нэг юм хэлж байх ёстой. “Ногоон нүдэн лам” романаас “киноны сцени болох хэсгүүд нь энэ байна” гээд түүхээр 134 сцени болж байгаа юм. 134 сцени гэдэг яг үнэндээ хоёр ангит киноны материал. Олон ангит кинонд хувааж үзвэл гурваас дөрвөн ангит, бүрэн хэмжээний гэвэл хоёр цаг гаруй үргэлжлэх кино болохоор тийм л материал. Гэтэл Ц.Оюунгэрэл эгч 30 ангит кино хиймээр байна гэсэн. 30 ангит кино гэвэл ойролцоогоор 1500 сцени болно. Бид номын 134 сценийг 1500 болгоно гэвэл дүр болон үйл явдлыг бараг 10 дахин илүү хөгжүүлэх хэрэгтэй болж байгаа юм. 

“Ногоон нүдэн лам” гэдэг романыг хуудсаар нь 30 хуваагаад кино зохиол болгочихдог юм огт биш.  Хэрэв тэгчихвэл яг л ном шигээ болно. Номыг хүмүүс аль хэдийн уншчихсан, үйл явдлыг нь мэддэг болчихсон. Тэгэхээр номноосоо тэс өөр байж гэмээн үзэгчдийн сонирхлыг татна шүү дээ. Яг номын дагуу кино хийнэ гэвэл бүтэн баг ажиллах ямар ч шаардлагагүй. Тиймээс дүрүүдийг хөгжүүлэх ёстой. Дүрүүд үүсгэх ёстой. Энэ романы баатрууд нь бодит хүмүүс шүү дээ. Бодит хүмүүс амьд үлдэхийн төлөө, урсгалаараа л явдаг. Жишээ нь, Баасан лам ноомой, даруухан, амьдралынхаа төлөө хүчтэй тэмцэл өрнүүлдэггүй. Гол руу зомгол шидэхэд урсгалаа дагаад л хөвнө. Баасан лам яг л тийм дүр. Харин кинонд тэр зомгол өөрөө живж алга болчхоод, нэг газраас гэнэт гарч ирнэ, жижиг давлагаанд цохиулан эрэг дээр шидэгдэж хорчийтлоо хатна. Үерийн ус буунгуут дахин урсаж гол руу ороод тэндээсээ гарч, мод болж ургах ёстой. Энэ мэт “драматурик” үйл явдал кинонд байх ёстой.

-Тэгэхээр дүрүүдийн зан характер, мөн чанар ч өөрчлөгдөх нь ээ?

-Хатагтай Ц.Оюунгэрэлийн хувьд бичсэн романых нь дүрүүд бодит хүн. Харин манай багийн хувьд цэвэр уран сайхны дүрүүд. Романы дүрүүд бодит хүн байсан нь бидэнд хамаагүй. Бид жүжигчин хүн ийм байх ёстой, кино зохиолд ийм үүрэг гүйцэтгэх ёстой, үзэгчдийн сонирхлыг татахын тулд энэ дүр ингэж үхэх ёстой, өвчлөх ёстой, босох ёстой, тэмцэх ёстой гэж 100 хувь уран сайхны нүдээр харж, ажиллаж байгаа. Тэгж байж кино зохиол болно. Нөгөө талаар, Ц.Оюунгэрэл эгч дүрүүдийг маш зоригтой, хайр найргүй “эвдэж” чадах хүнийг хайж байсан. “Тэр хүн нь чи” гэж надад итгэл хүлээлгэсэн учраас би саналыг нь хүлээн авсан.

-КИНОНЫ ДҮРҮҮДЭД ОЛНЫ ТАНИЛ, “ОД” ЖҮЖИГЧИН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ ДАНДАА ШИНЭ ЗАЛУУ ЖҮЖИГЧДИЙГ ТОГЛУУЛААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА-

-Дүрийг хайр найргүй “эвдэнэ” гэж байна.  Уншигчдын хамгийн хайртай дүр нь кино дээр тэс ондоо болоод гараад ирэхээр хүмүүст таалагдахгүй байх вий гэж эмээхгүй байна уу?

-Үгүй. Эмээхгүй байна. Гэхдээ бид тухайн дүрийг хэчнээн “эвдсэн” ч ном дотроо л “эвдэнэ”. Тэрнээс Хөвсгөлд байсан хүнийг хаа байсан Хэнтийд аваачаад шал өөр үйл явдал зохиохгүй. Жишээ нь, Баасан лам байлаа гэхэд кинон дээр вампер болгочихгүй шүү дээ/инээв/. Баасан лам Баасан ламаараа л байна. Гэхдээ хүн л юм хойно Баасан ламаас есөн шидийн ааш араншин гарна. Буг ч болно, бурхан ч болно.

-Нууц биш бол кино зохиолын нэг дүр дээр жишээ авч яаж өөрчлөгдөх талаар хэлж болох уу?

-Чулуунжий гэдэг дүр байна. Харин кино зохиол дээр Чулуунжий алуурчин болж байгаа. Тэгэхээр Чулуунжий хүн алах хүн мөн үү, хэнийг, яах гэж алчихав гэдэг маш олон асуулт ургаж гарна. Мөн үзэгчдийн хамгийн хайртай Агваан гэдэг дүр байна. Агваан ч мөн алуурчин болж хувирч байх жишээний. Энэ мэт маш олон адал явдал нэмэгдэж байгаа.

-Та бүхэн төлөвлөгөө гаргачихсан байх. Кино зураг авалт хэзээ эхэлж, хэзээ үзэгчдийн хүртээл болох вэ?

-Зураг авалтын тухайд продюсерын алба хариуцна. Эхний байдлаар Б.Идэр-Од продюсероор ажиллана гэж яригдаж байгаа. Идэрээ, Ц.Оюунгэрэл эгч, манай багийнхан хуралдаж ярилцана. Мөн найруулагчийн баг ч нэмэгдэнэ. Бид албан ёсоор шийдээгүй ч миний бодлоор намраас ковидын нөхцөл байдал намжвал зураг авалт эхлэх байх. Кино зохиол дууссаны дараа продюсерын баг уншиж, засвар орох, өөрчлөх зүйлсийг ярилцана. Гэхдээ нэлээн хэдэн жилийн ажил болно гэж бодож байна. Яагаад гэвэл бүхэл бүтэн хүний амьдралыг өгүүлсэн роман шүү дээ. Агвааны дүрийг амилуулъя гэхэд л хүүхэд байх үе, том залуу болсон байх үе гээд хоёроос, гурван жүжигчин хэрэгтэй болно. Тэгэхээр улс орон даяар дүрийн сонгон шалгаруулалт явагдах байх.

Кино зураг авалтын талбай гэхэд л архитекторын ажил их орно. Даян дээрхийн хийд одоо байхгүй. Хийд босгох барилгын ажил хүртэл байна. Тэгэхээр нэлээн урт хугацааны ажил гэж би бодож байгаа. Тэрнээс биш зүгээр нэг айлд ороод зураг авалт хийчихгүй. Хүний 10 гаруй жилийн амьдралыг харуулж байгаа учраас жилийн дөрвөн улирал дамнаж нэлээн урт хугацаанд үргэлжлэх байх.

-Кино зохиолыг “амилуулах” жүжигчин, уран бүтээлчид ямар байгаасай гэж бодож байна?  

-Би ерөнхийд нь нэг л зүйлийг бодож байна. Киноны дүрүүдэд олны танил, “од” жүжигчид гэхээсээ илүү дандаа шинэ залуу жүжигчдийг тоглуулаасай гэж хүсэж байгаа. СУИС, мэргэжлийн урлагийн сургуулиуд төгсчихсөн, эсвэл гадаадад боловсрол эзэмшсэн маш олон танигдаагүй, ажилгүй залуу жүжигчин бий. Тиймээс олны танил болоогүй, шинэ жүжигчдийг энэ киногоор гаргаж ирээсэй, тэдэнд боломж олгоосой гэж хүсэж байна. Аль ч насны дүр дээр. Мэдээж продюсерын багийнхны санал бас нөлөөлнө.

-РОМАНЫГ УНШСАН ХҮН БҮРИЙН ТӨСӨӨЛӨЛД НИЙЦЭХ БААСАНГ СОНГОНО ГЭДЭГ МАШ ХЭЦҮҮ-

-Уншигч бүр зохиолын дүрүүдийг өөр өөрөөр дотроо төсөөлдөг. Таны хувьд зохиолыг уншихад Баасан гэдэг хүн ямар байдлаар төсөөлөгдсөн бэ. Хэдий зохиол бүрэн бичигдэж дуусаагүй байгаа ч Баасангийн дүрд ямар хүн тоглоосой гэж та бодож байна?

-“Ногоон нүдэн лам” роман 120 мянга гаруй хувь борлогдсон. Цааш нь дамжигдаад хэчнээн хүн уншсаныг хэлж мэдэхгүй. Уншсан хүн бүр өөр өөр Баасанг дотроо төсөөлчихсөн байгаа. Тэгэхээр романыг уншсан хүн бүрийн төсөөлөлд нийцэх Баасанг сонгоно гэдэг маш хэцүү. Миний хувьд сайхан залуугаас гадна чадварлаг жүжигчин байвал тоглолтоороо тухайн дүрийг авч явах байх гэж найдаж байна.

-Кино зохиол дээр гурваас дөрвөн хүн эхнээс нь “яс сууж” ажиллаж байна гэсэн. Зохиол бичихдээ хоорондоо зөрчилдөж, санал зөрөлдөх үе бий юү?

-Тэгэлгүй яахав. Уйлаан, майлаан болно шүү дээ/инээв/. Зохиолч бүр өөр өөрийн нүдээр тухайн дүрийг харчихсан байгаа. Тэгээд л маргалдаж гарна. Уйлна, хэрэлдэнэ, эвлэрнэ гээд янз бүрийн зүйл болно. Бид 150 хоногийн турш өдөр алгасалгүй сууж ажилласан. Хатуу хөл хорио тогтоочихсон байхад хүртэл видеогоор бие биенээ харж, зохиолоо ярьж ажиллаж байлаа.

-Кино зохиол бичихдээ санаагаа хэрхэн олдог вэ. Хоорондоо ярилцаж байж, бичдэг байх?

-Бид эхлээд дүрүүдээ жагсаагаад биччихдэг. Дүрүүдийн темперамент/зан төлөв/гэж зүйл бий. Энэ дүр ийм хүн, цаашид иймээрээ л байх уу гэдгийг ярилцана. Дүрийн хувьд яаж хөгжих ёстой, кино эхлэхэд ямар байсан, кино төгсөхөд энэ хүн хэн болж дуусах ёстой гэдэг шугам гаргана. Тухайлбал, Чулуунжий Баасанд хайртай гээд л гэртээ хэвтээд байвал сонирхолгүй шүү дээ. Баасангийн төлөө тэр юу хийх ёстой юм. Баасангийн төлөө тэмцэнэ. Баасанг хайж аймгийн төв, хүрээ орохын тулд үхэр тэрэг, мориор явна. Замдаа өлсөж, цангана, төөрнө, Дотоодын хамгаалахынхантай таарна. Лам болгоныг буудаж байсан үед Чулуунжий өөрөө лам хайж явах нь түүнийг хэрэгтэн болгож, хэлмэгдүүлж байгаа юм. Энэ мэт киноны үйл явдал тухайн дүрийг адгийн шаар болгох уу, аль эсвэл баатар эр, хатан зоригтон болгож хувирах уу гэдэг маш чухал.

-Номын хувьд Баасан, Сэндмаа, Чулуунжий, Агваан, гэх мэт гол дүрүүд бий. Тэгвэл кино зохиолд шинэ дүрүүд хэр их гарч ирэх вэ?

-Хуучин дүрүүдийг хөгжүүлэх тусам шинэ дүрүүд маш олон гарч ирнэ.  Энэ бол багийн ажил. Бид багаараа энэ кино зохиол дээр ажиллаж байгаа. Бид хөгжих ёстой. Дэлхийн тавцан руу нэг ч болтугай алхам урагшлах ёстой. Дэлхий нийтийн хүртээл болсон “Game Of Throne” кино дээр гэхэд дөрвөн ерөнхий зохиолч, 40 туслах зохиолч ажилласан байдаг. Нэг ерөнхий зохиолчийн дор арван туслах зохиолч ажилладаг гэсэн үг. Миний хувьд энэ кинонд ерөнхий зохиолчоор ажиллаж байгаа. Манай багийн туслах зохиолчдын дунд дүр, болон үйл явдлыг хөгжүүлж задаргаан дээр сууж буй Гоомарал, Дэлгэрдалай гээд хоёр залуу зохиолч бий. 

-ТАВАН ЖИЛ СУУСНЫ ЭЦЭСТ НАДАД ОНГОД ГЭДЭГ ЗҮЙЛ ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛЖ БАЙГАА ЮМ ШИГ САНАГДСАН-

-“Төрмөл зохиолч, төрөлхийн авьяастан” гэж байдаг гэдэг. Таны хувьд үүнтэй хэр санал нийцдэг вэ?

-Онгод гэдэг зүйл бий. Би зохиолч биш, найруулагч хүн. Зохиол олдохгүй болоод ирэхэд би өөрөө зохиолч болчихсон юм. Онгод орохын тулд хөгжлийн үе шат гэж байдаг юм шиг санагддаг. Дөнгөж зохиол бичиж эхлэхэд надад онгод гэдэг зүйл мэдрэгддэггүй байсан. Гэхдээ би уйгагүй таван жил суусан. Таван жил суусны эцэст онгод гэдэг зүйл үйлчилж эхэлж байгаа юм шиг санагдсан. Онгод орж ирсэн үед зохиол бичихэд гар гүйцдэггүй. Миний онгод эмэгтэй хүн юм шиг байгаа юм. Учир нь миний зохиолын 90 хувь нь эмэгтэй дүр байдаг. Уншигчид надад “Та эмэгтэй хүний дотоод шаналал, зовлонг дотор нь орсон мэт маш сайн бичих юм” гэлцдэг. Заримдаа шинэ санаанууд зүүдэнд орж ирнэ. Тэр бүхнийг аль болох мартахгүйг хичээдэг.

-Мартаж байсан үе олон уу?

-Тийм. Гайхамшигтай зүйлс санаанд орж ирсэн ч мартаж байсан үе бий.

-Мартахгүй байхын тулд яадаг вэ?

-Бичиж авна. Гэнэт санаа орж ирэхэд үзэг цаас хайж байтал алга болчихно. Тиймээс шууд л утсан дээрээ бичиж авдаг. Заримыг нь фейсбүүк дээрээ постоор оруулчихдаг.

-Эргээд кино зохиол руугаа оръё. Та “Ногоон нүдэн лам” номтой хэзээ “танилцаж” байсан бэ. Ц.Оюунгэрэлийг санал тавихаас өмнө уншсан уу, эсвэл дараа нь уншсан уу. Зарим хүн энэ романыг түүхийг гуйвуулсан гэж ярьдаг. Та энэ тал дээр ямар бодолтой байна? 

-Би 2008 онд Хөвсгөлд байхдаа анх уншиж байсан. Тухайн үед аав маань “энэ номыг хүмүүс их уншаад, шуураад байх юм. Чи нэг уншаад үз” гэсэн. Үнэнийг хэлэхэд анх уншихад модон хэлтэй юм шиг санагдаж, таалагдаагүй учраас дуусгалгүй орхичихсон. Учир нь би С.Эрдэнэ, Ч.Лодойдамба, Л.Түдэв гуай гэх мэт утга зохиолын яруу сайхан хэлтэй, үгээр урлаж бичдэг хүмүүсийн номыг байнга уншдаг болохоор эхэндээ тэдэнтэй харьцуулж байсан хэрэг.

Харин сая санал тавихад зохиолоо ойлгохын тулд уншиж, судалсан. Дараа нь Ц.Оюунгэрэл эгчтэй уулзаж “Бичиглэлийн хувьд ийм байна, яагаад” гэхэд “Аргагүй ээ Баяраа. Би тухайн үед ном яаж бичихийг сайн мэддэггүй байсан” гэж хэлсэн. Ц.Оюунгэрэл эгч Америкт  “бестселлэр номыг яаж бичих вэ” гэсэн сургалтад сууж, зохиолын судалгаагаа хийгээд номоо анх Англиар бичиж байсан юм байна лээ. Дараа нь Монгол руу орчуулсан. Англи хэлээр маш сайн бичигдсэн ч Монгол руу орчуулгын хэлээр хөрвүүлэхдээ тийм ч сайн орчуулаагүй. Үүнээс нь архаг уншигчид уран зохиолд тавьдаг стандарт, цензураа шаардаад байдаг юм. Гэхдээ анх надад санал тавихад “ийм мундаг эмэгтэй, надад энэ том хариуцлагатай ажил оногдуулж байна” гэж бодож, судалж эхэлсэн.  

-Цахим сүлжээнд киноны постер зураг гарчихсан байсан. Тэр ямар учиртай зураг юм бэ?   

-Манай кино зохиолын хавтас. Би дүүтэйгээ анх хийж байсан юм. Гэтэл би хийсэн гэсэн гурван эзэн гарч эхэлсэн. Үнэхээр гайхсан шүү/инээв/ .

-Ярилцлагын эхэнд дурдсан үгээ ярилцлагын төгсгөлд дахин хэлье. Маш их хүлээлт үүсээд байгаа. Хэдий кино зохиол бүрэн бичигдэж дуусаагүй байгаа ч уншигчид танаас ямар нэгэн амлалт хүлээх байх?  

-Үзэгчдэд амлахаас илүүтэй би нэг л зүйл хүсэж байна. Нэг л баганатай байгаасай гэж. Манай багийнхны бичсэн зохиолыг өөр найруулагч аваад өөрийн өнцгөөр харж, өөрчилчихвөл бидний анх бичсэнээс ондоо болно. Хэрвээ намайг найруулагчаар сонгочихсон байсан бол би үзэгчдэд нүүр бардам амлалт өгч чадах байлаа. Гэвч яг найруулах эсэх нь 100 хувь шийдэгдээгүй байна шүү дээ. Кино зохиолоо дууссаны дараа продюсеруудад хүлээлгэж өгнө. Миний тооцооллоор 14, 15 хүний бүрэлдэхүүнтэй найруулагчийн баг орж ирэх байх. Тиймээс одоо энэ номыг яаж сайн кино зохиол болгох вэ гэдэгт л төвлөрч ажиллаж байна.  

-Ярилцсанд баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.

-Баярлалаа.

Кино зохиолын багийн залуус




Өнөөдөр морь өдөр

7 цагийн өмнө