Х.Баттулга насан туршдаа ЦАЛИН авах бол, хууль батлагдвал намын ГИШҮҮНЧЛЭЛЭЭ сэргээж, гадаадад АМЬДРАХЫГ хориглоно

Х.Баттулга насан туршдаа ЦАЛИН авах бол, хууль батлагдвал намын ГИШҮҮНЧЛЭЛЭЭ сэргээж, гадаадад АМЬДРАХЫГ хориглоно

Энэ сарын 09-ны өдөр болсон сонгуульд У.Хүрэлсүх ялалт байгуулсан тул, тэрээр энэ сарын 25-ны өдөр буюу ирэх Баасан гарагт “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг”-аа өргөх гэж байна. Ийм У.Хүрэлсүх тангараг өргөснөөр Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрх дуусгавар болох юм.

-ОДОО МӨРДӨГДӨЖ БУЙ ХУУЛИАР Х.БАТТУЛГА НАСАН ТУРШДАА СУЛ ЦАЛИН АВЧ, 3 ЖИЛ ТӨРИЙН ХАМГААЛАЛТАД БАЙНА-

Учир нь, Үндсэн хуулийн 33.1-д “Ерөнхийлөгчийн бүрэн эрх тангараг өргөснөөр эхэлж, шинэ сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөснөөр дуусгавар болно” гэж заажээ.Тэгвэл бүрэн эрхийн хугацаа нь дуусах Х.Баттулга одоо мөрдөгдөж буй “Ерөнхийлөгчийн тухай хууль”-ийн дагуу Засгийн газрын гишүүний тухайн үеийн цалинтай тэнцэх сул цалин насан туршдаа авч, гурван жилийн хугацаанд гуравдугаар зэрэглэлийн төрийн тусгай хамгаалалтад байх ажээ.

Тодруулбал, 16.6-д Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацааг дууссанаас эхлэн Засгийн газрын гишүүний тухайн үеийн цалинтай тэнцэх сул цалин насан турш авч, 3 жилийн хугацаанд суудлын автомашин болон холбоогоор үйлчлүүлж, төрийн тусгай хамгаалалтад байх бөгөөд энэ талаар тусгайлан шийдвэр гаргахгүй” гэж заажээ.

-ХУУЛЬ БАТЛАГДВАЛ Х.БАТТУЛГА 5 ЖИЛИЙН ХУГАЦААНД УЛС ТӨРИЙН НАМЫН ГИШҮҮНЧЛЭЛЭЭ СЭРГЭЭХГҮЙ БОЛ, ГАДААДАД АМЬДРАХЫГ ХОРИГЛОНО-

Харин Хууль зүйн яамнаас боловсруулж, одоогоор хараахан батлагдаагүй байгаа “Ерөнхийлөгчийн тухай хууль”-ийн төсөлд Х.Баттулга (өмнө нь Ерөнхийлөгч байсан иргэд) ямар эрх эдэлж, хуулийн хязгаарлалтад захирагдах талаар тодорхой тусгажээ.

Хуулийн төсөлд:

  • 23.1. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацааг дууссан өдрөөс эхлэн таван жилийн хугацаанд улс төрийн намын гишүүнчлэлээ сэргээх, эсхүл улс төрийн нам байгуулах, эсхүл улс төрийн намын гишүүнээр элсэхийг хориглоно.
  • 23.2. Ерөнхийлөгч байсан иргэн гадаад улсад эмчлүүлэхээс бусад тохиолдолд гадаад улсад байнга оршин суух, амьдрахыг хориглоно.
  • 23.3. Ерөнхийлөгч байсан иргэн гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд удирдах болон гүйцэтгэх албан тушаал, зөвлөх үйлчилгээ үзүүлэхийг хориглоно.
  • 23.4. Ерөнхийлөгч байсан иргэн Монгол Улсын харьяатаас гарч, гадаад улсын харьяат болохыг хориглоно.
  • 24.1. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацааг дууссанаас эхлэн Засгийн газрын гишүүний тухайн үеийн цалинтай тэнцэх цалин насан турш авна.
  • 24.2. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацааг дууссан өдрөөс эхлэн гурван жилийн хугацаанд суудлын автомашин болон холбоогоор үйлчлүүлж, гуравдугаар зэрэглэлийн төрийн тусгай хамгаалалтад байх бөгөөд энэ талаар тусгайлан шийдвэр гаргахгүй.
  • 24.3. Ерөнхийлөгч байсан иргэн энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусгавар болсны дараах хязгаарлалтыг зөрчсөн бол түүнд энэ хуулийн 24.1-д заасан цалин олгохыг зогсооно.

гэж хуулийн төсөлд тусгажээ.