ФОТО: Гүүрээр иргэд явахыг хориглосон “төмөр цоож цуургатай цагаан хаалга”-ыг сольжээ

ФОТО: Гүүрээр иргэд явахыг хориглосон “төмөр цоож цуургатай цагаан хаалга”-ыг сольжээ

Өнгөрөгч сарын эхээр Нийслэл хотод иргэдийн аялаж зугаалах, цэвэр агаар амьсгалах боломжийг бүрдүүлсэн байгууламж Хан-Уул дүүрэгт нээлтээ хийж байв. Тэр бол "Мишээл Байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн" юм. Чөлөөт цагаа боловсон өнгөрүүлэх, бага насны хүүхдээ салхилуулах сайхан газартай болсонд иргэд баяртай байсан ч нээлтээ хийгээд хоёр хоносны дараа гүүр дээр хүн оруулахгүй байхаар "төмөр хаалга" барьсан юм. 

-ХҮН ОРУУЛАХГҮЙ БАЙХ ЗОРИУЛАЛТТАЙ ХААЛГАА СОЛЬЖЭЭ-

Тэгвэл өчигдөр /2021-07-06/ манай сурвалжилах баг Нийслэлийн ХУД-ийн 20-р хороо Туул голын эрэг дагуу 110  ам дөрвөлжин метр бүхий талбайг тохижуулсан "Мишээл цэцэрлэг"-т очлоо. Зургаадугаар сарын 12-нд нээлтээ хийж иргэдэд үйлчилсэн ч түүнээс хоёрхон хоногийн дараа үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаанд хаасан гэдгээ цэцэрлэгт хүрээлэнгийн зүгээс мэдэгдсэн юм. 

Түүний дараа тус байгууламж руу орох гүүрийг болхи хийцтэй, цоож цуургатай цагаан хаалгаар хааж байсан нь цахим орчинд иргэдийн шүүмжлэлийг ихээр дагуулж байв.

Харин биднийг цэцэрлэгт хүрээлэнд очиход гүүрийг халхалсан хаалгыг өөрчилжээ. Мөн дотогш хэнийг ч оруулахгүй, зөвхөн ажилчид нь дотоод тохижилтыг гүйцэтгэсэн хэвээр байв. Үйл ажиллагаагаа хязгаарлах үедээ байгууллагын зүгээс Ковид 19 халдварын тархалт их байгаа тул түр хааж байгааг дурдсан. Гэвч Ковид 19 халдвар битүү орчинд тархдаг, иргэд уушгиныхаа үйл ажиллагааг дэмжихийн тулд цэвэр агаарт алхах хэрэгтэй гэх мэт олон асуудал бий. 

-НЭН ХОВОРДСОН УРГАМЛЫГ НУТАГШУУЛАХ, ДАХИН СЭРГЭЭХ ЗОРИЛГООР НЭЭЖЭЭ-

Уг цэцэрлэгт хүрээлэнг ‘’Мишээл групп ХХК’’ 100 гаруй харилцагчтайгаа хамтран тохижуулсан гэдэг. Мөн тэд нээлтийнхээ үеэр Монгол улсад нэн ховордсон ургамлыг нутагшуулах, тарих, дахин сэргээх зорилготой хэмээсэн юм. Цэцэрлэгт хүрээлэн байгуулах санаачилгыг Мишээл групп ХХК-аас гадна ХУД-ийн ЗДТГ болон холбогдох төрийн байгууллагуудтай хамтарч гаргасан юм. Тус хүрээлэнгийн үйл ажиллагаа нь:

  • - Ахмадын чөлөөт цаг өнгөрөөх хэсэг,
  • - Волейболын талбай,
  • - Сагсан бөмбөгийн талбай,
  • - Цэцгийн мандал,
  • - Цөөрмийн эргийн тавцан,
  • - Хүүхдийн тоглоомын талбай гурван хэсэгт,
  • - Голын эргийн тавцан,
  • - Алсыг харах цамхаг,
  • - Шинээр тарьсан ховор ургамлуудын хэсэг,
  • - Түр амрах хэсэг зэргээс бүрддэг. 

-ИРГЭДЭД ЦЭВЭР АГААРТ АЛХАХ БОЛОМЖ ХЭРЭГТЭЙ БАЙНА-

Үндэсний их баяр наадмыг тэмдэглэхээ больсонтой холбоотойгоор ЭМЯ-наас бүх нийтийн амралтын өдрүүдээр агаар салхинд гарч дархлаагаа дэмжихийг зөвлөж байгаа. Зуслангийн байргүй иргэд хотоос гарсан ч ихэнх аймаг сумдуудын орох гарах хөдөлгөөн хаалттай энэ үед баяр наадмын өдрүүдээр хаана очиж эрүүл агаар амьсалах вэ. НОК-ийн шийдвэрээр Нийслэлийн засаг дарга Д.Сумьяабазартай хариуцлагын гэрээ хийсэн амралтын баазууд үйл ажиллагаагаа нээж хэвийн явуулж байна. 

Мишээл байгаль орчин танин мэдэхүйн цэцэрлэгт хүрээлэнд хүүхдэд зориулсан амьтны хүрээлэн, дугуй түрээсийн үйлчилгээ, байт харваа, сагс, гар бөмбөгийн сургалт бий хэмээн зарлаж байв. Халдвар хамгааллын дэглэмээ баримталж битүү орчинд үйл ажиллагаа явуулдаг фитнесс заал, усан бассейн, спорт заал, иогын төвүүд ажиллаж буй. Задгай талбайд хүний тоогоо хязгаарлаж хүүхэд залуусын идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх боломжийг бүрдүүлэхэд сэтгэл дутаж байгаа гэлтэй.

Нийслэл хотод маань иргэдийн ая тухтай амрах орчин нөхцөлийг бүрдүүлсэн ногоон байгууламж бүхий газар хуруу дарам цөөн тоотой байдаг. Үүн дээр танин мэдэхүйн үүрэг гүйцэтгэх зорилготой амралт зугаалгын газар нээлтээ хийсэн ч иргэд үзэж ч амжаагүй байхад хаасан нь харамсалтай. Цар тахлаас үүдэн олон сараар, хоногоор битүү орчинд хөл хоригдсон хүүхэд хөгшид амарч зугаалах, цэвэр агаарт гарах тааламжтай газар олонтой болоосой.