ЦЕГ: Хараа хяналтаа салгаж, хүүхэд хохирвол хуулийн хариуцлага хүлээлгэх заалт байгаа

ЦЕГ: Хараа хяналтаа салгаж, хүүхэд хохирвол хуулийн хариуцлага хүлээлгэх заалт байгаа

Өнөөдөр /2021.07.07/ Наадмын урт амралтын өдрүүдэд үргэлжилсэн бороо орох тул үер, усны ослоос сэрэмжлүүлж, ОБЕГ,ЦЕГ, Цаг уур орчны албаныхан хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ОБЕГ-ын ГУСГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ, “Сүүлийн 10 жилийн хугацаанд гол усанд осолдсон 230 хүүхэд байна. Энэ бол маш их тоо. 2020 оны байдлаар ОБЕГ-ын алба хаагчид 122 хүнийг үер усны ослоос амь насыг аварсан. Үүнд 44 хүүхэд, 78 том хүн байсан. Иргэд зуны цагт ялангуяа наадмын урт амралтын өдрүүдээр нийслэлийн иргэд хөдөө, ойр, хол аялал зугаалгаар маш ихээр явдаг. Сүүлийн дөрвөн жилд Наадмын үеэр 47 хүн усанд осолдож нас барсан. Энэ үед гол усны ойр орчим байрлаж, архи согтууруулах ундаа хэрэглэж, тэр үедээ ус руу явж ордог, мөн бага насны хүүхдээс хараа хяналтаа сулруулж орхисноос болж хүүхдүүд ихээр осолдож амь насаа алдаж байна. Иймд ард иргэд үүнийг зүгээр нэг мэдээлэл гэдэг ойлголтоор хүлээж авалгүйгээр амралт зугаалгаар явахдаа хариуцлагатай хандаж, бэлтгэлтэй явахыг анхааруулж байна.

Усанд осолдохгүй байх хэд хэдэн сануулгаас дурдвал:

  • Ямар ч тохиолдолд тогтоол ус, нуур, голын ойролцоо хэт ойр байрлаж болохгүй,
  • Малчид, иргэд зусланд гарахдаа голын салаа хэсэгт байрлахгүй байх,
  • Эмийн сан, татлага, галын хор авч явах,
  • Халдварт өвчний энэ үед зорчих гэж байгаа аймаг сумыг сайн судалж, зөвшөөрөл авч, зорчих хөдөлгөөнд оролцох,

ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Б.Баттулга, “Манай улсын иргэд усны боловсрол маш муу. Үүнээс болж амь насаа алдаж байгаа. Цөөнгүй тохиолдол нь усанд осолдсон нэгнээ аврах гэж байгаад араас нь орж нас амь насаа эрсдэлд оруулж байгаа тохиолдол ч ажиглагдаж байна. Мөн морьтойгоо гол гаталж, мориноосоо буулгүй услах зэрэг тохиолдлуудаас болж живж байна.

Иймд иргэд өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас болж өөрийгөө болон бусдыг болзошгүй аюулаас сэргийлж, гол нуурын орчимд байрлахгүй, мөн архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг сануулж байна. Мөн бага насны хүүхдээс хараа хяналтаа салгаж хүүхэд ямар нэг байдлаар осолдвол хуулийн хариуцлага ч хүлээлгэх заалт байгаа. Иргэд иймд өөрсдийн амь насаа дэнжин тавилгүй өөрийгөө болон бусдыг хамгаалж, аялал зугаалгад явахдаа голын ойр орчимд байрлахгүй байхыг сануулж байна”

Харин цаг уурын албанаас мэдээлэлдээ, “Энэ жил бол голын түвшин олон жилийн дунджаас харьцангуй их байгаа бөгөөд голуудын үерийн түвшинг хүртэл давсан үзүүлэлттэй байна. Наадмын урт өдрүүдээр бороо орох төлөвтэй байгаа тул, гол нуурын үерийн түвшин бүр их нэмэгдэнэ. Иймд иргэд аялал зугаалгаар явахдаа бага насны хүүхдүүдэд тавих хараа хяналтаа сайжруулах, гармаар зорчихгүй байх, найдвартай замаар явахыг сануулж байна” гэлээ.