ЗӨВЛӨГӨӨ: Хөдөө орон нутагт зорчихдоо ШИНЖИЛГЭЭНД хэрхэн хамрагдаж, ЮУГ анхаарах вэ

ЗӨВЛӨГӨӨ: Хөдөө орон нутагт зорчихдоо ШИНЖИЛГЭЭНД хэрхэн хамрагдаж, ЮУГ анхаарах вэ

Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмыг өргөн дэлгэр тэмдэглэхийг хориглосон ч ес хоног бүх нийтээрээ амрах болсон тул иргэд хөдөө орон нутгийг зорьж аялах өдрүүд ирлээ.

“Ковид-19” өвчний халдварын тархалт, эмнэлгийн ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор одоогийн байдлаар 18 аймгийн 196 сум, зургаан тосгонд хязгаарлалтын дэглэм тогтоосон байна. Харин 13 аймгийн 101 сумын хөл хорио наадмаас өмнө цуцлагдана хэмээн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс мэдээлсэн.

-ОРОН НУТАГТ ЗОРЧИХДОО ЮУГ АНХААРАХ ВЭ-

Хамгийн түрүүнд орон нутагт зорчихдоо:

  • Айлаар орохгүй,
  • Суурин газрын хөдөлгөөнд оролцохгүй,
  • Аяллын багийн хэмжээнд хүний тоог таваас дээш гаргахгүй байх,
  • Аль болох байгальд хоноглож амрах,
  • Жуулчны бааз, амралтын газраар үйлчлүүлэхийг мэргэжлийн байгууллагаас сануулж байгаа.

Мөн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас вакцины II тунд бүрэн хамрагдаагүй, вакцины II тунд хамрагдсан ч 14 хоног болоогүй иргэд ПСР болон түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариугаа үзүүлэн зорчих боломжтой. Хөдөө, орон нутагт зорчиж байгаа өрхийн таван наснаас дээш нэг хүүхдээс түргэвчилсэн шинжилгээ авна. 

Хотоос гарч орон нутагт зорчихдоо халдвар хамгааллын дэглэмийг сайн мөрдөж, шатахуун болон хүнсний бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж, техникийн засвар, үйлчилгээг авах хэрэгтэй. Үүнээс гадна очихоор зорьж байгаа болон дамжин өнгөрөх аймгуудын Онцгой комисстой холбогдон тухайн орон нутаг мөрдөж байгаа халдвар хамгааллын дэглэм, постоор хэрхэн нэвтрэх /зорчигч нар түргэвчилсэн тест авч явах эсэх/ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг аялалд гарахын өмнө лавлах нь маш чухал юм. 

Аялалд гарахдаа  цаг агаарын мэдээллийг байнга авах, гол усны ослоос сэргийлэх, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх зэрэг болзошгүй эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа ханган явах нь зүйтэй.

-КОВИДЫН ШИНЖИЛГЭЭНИЙ ЦЭГҮҮД ХААНА БАЙРШИЖ БАЙНА ВЭ-

Вакцины бүрэн тундаа хамрагдаагүй иргэд болон бага насны хүүхдүүд шинжилгээ өгч байж товчоодоор нэвтрэх тул шинжилгээний цэгүүдийн байршлийг мэдэх нь чухал. Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт суурин гурав, явуулын гурван шинжилгээний цэг 09:00-12:00 цагийн хооронд ажиллаж, дараах байршлуудад шинжилгээ авч байна.

Үүнд:

  • Баянгол дүүрэг-96 дугаар цэцэрлэг
  • Сүхбаатар дүүрэг- 143 дугаар цэцэрлэг
  • Чингэлтэй дүүрэг-74 дүгээр цэцэрлэг
  • Баянзүрх дүүрэг- Баянзүрх дүүргийн авто оношилгооны төвийн зогсоол
  • Сонгинохайрхан дүүрэг- 5 шарын төмөр замын гармын ард байрлах “Номин” агуулах худалдааны гадна талбай
  • Хан-Уул дүүрэг- Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай

-ХУРДАН ЯВАХДАА БУС САЙН ЯВЖ ОЧИХ НЬ ЧУХАЛ-

Замын хөдөлгөөнд автомашинтай зорчиж байхдаа хурдаа нэг километрээр бууруулахад осол гарах эрсдэл 4-5 хувиар буурдаг байна.

Ялангуяа баяр наадмын өдрүүдээр орон нутгийн замд хөл хөдөлгөөн ихэсдэг тул хурд хэтрүүлснээс үүдсэн осол ердийн үеэс хэд дахин илүү бүртгэгддэг.

Үүнээс гадна 50км/цагийн хурдтай явж байгаад осолдоход амиа алдах магадлал 20 хувь, 80км/цагтай явж байгаад осол гаргахад амиа алдах магадлал 60 хүртэлх хувиар өсдөг. Иймээс хөдөө орон нутагт зорчихдоо анхаарал болгоомжтой байж, хурдаа тохируулж, авто замын дүрмээ мөрдөхийг зөвлөж байна. Мөн хур бороо ихтэй үед дуу цахилгаантай аянга цахих гэх мэт үзэгдэл болсон тохиолдолд аюулгүй байдлаа хангах нь чухал. Аянга цахилгаантай үед хэрхэн өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах талаарх зөвлөгөөг энд дарж уншина уу.