СУРВАЛЖИЛГА: “Шувуу ажиглаж” байгалийн сайханд амрах боломжтой газар Улаанбаатарт нээгджээ

СУРВАЛЖИЛГА: “Шувуу ажиглаж” байгалийн сайханд амрах боломжтой газар Улаанбаатарт нээгджээ

Сүүлийн үед фото гэрэл зураг авах сонирхолтой залуусын тоо эрс нэмэгдэж, тэр хэрээр төрөл бүрийн жанр, техник гарч ирэн өөр өөрийн хүссэн загвар, хэв маягаар гэрэл зураг авдаг болсон.

Тэгвэл манай сурвалжлах баг шувуу ажиглан сонирхож, гэрэл зураг авдаг залуучуудын дунд алдартай “Хун” нуурыг зорилоо. Тус газар нь гэр бүлээрээ байгалийн сайхныг мэдрэнгээ шувуудын жиргээг сонсож, стресс ядаргаагаа тайлах боломжтой цогцолбор газар юм. Энэхүү нуур нь Улаанбаатар хотын баруун хэсэг буюу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр “Шинэ авто худалдааны төв”-ийн яг хажууд байрлалтай бөгөөд одоогоос 12 жилийн өмнө буюу 2009 оноос хойш жил бүр хос хун ирж үүрлэдэгтэй холбоотойгоор “Хун” нуур гэж нэрлэсэн түүхтэй юм.

-СОНИРХЛОО НЭЭХ БОЛОМЖИЙГ ОЛГОЖЭЭ-

Биднийг тус нуурыг зорин очиход бүрхэг, салхитай өдөр байсан ч 15 градусын дулаан байсан тул тэгж даарах, жиндүүцэх зүйл байсангүй. Цэвэр агаарт байгалийн сайхныг мэдрэнгээ тухлан сууж шувуудын жиргээ сонсох юутай их жаргал гэж санана. Борооны улмаас шувуу ажиглагч, болон зорин очих иргэдийн бараа нэг ч харагдсангүй. Энд голдуу өглөө үүрээр гэрэл зурагчид очиж, байгаа онилж суун харанхуй бүрий болтол ажигладаг ба энэ нь тэдний сонирхол аж. Тэдний хэлснээр, “заримдаа 14 цаг ажиглан суухад 24 төрлийн шувуу л олж хардаг. Нөхцөл бололцоо нь таарвал 60,70-аад төрлийг ч харах бүрэн боломжтой” гэсэн юм.

Манай оронд 235 төрөл, 69 овог, 22 багт хамаарагдах  513 зүйлйн шувуу албан ёсоор бүртгэгдсэн байна. Үүнээс нийслэл хотын орчимд 121 төрөл, 40 овог, 16 багт хамаарах 227 зүйл шувуу одоогийн байдлаар бүртгэгдсэн ба эдгээр 227 зүйл шувуудаас 186 зүйл нь өндөглөн зусдаг, 41 зүйл нь өвөлждөг шувууд юм.

Та тус орчинд өхөөрдөм бяцхан хүүхдүүдээ дагуулан очиж, шувуу ажиглахын гайхамшгийг таниулах, тэднийг байгаль, ан амьтанд хайртай болгохын зэрэгцээ шувуудаар дамжин экологийн боловсролыг нь нэмэгдүүлж, шувуудын амьдрах орчинг хайрлан хамгаалах сэтгэлтэй болгох боломжтой юм.

-ШУВУУ АЖИГЛАХ БАЙР-

Мөн энэ газарт иргэдийн тав тухыг бодолцон үзэж нийслэлийн байгаль орчны газар болон зарим аж ахуйн нэгжүүд хамтран 2020 оны аравдугаар сард танин мэдэхүйн, аялал жуулчлалын, байгаль хамгааллын ач тустай “Шувуу ажиглах байр” буюу саравчийг барьж өгчээ. Та эндээс ажиглан сууж, зураг авах ч бүрэн боломжтой. Гэхдээ кадрт сайн дүрс үлдээхийн тулд хэдэн цагийн тэсвэр тэвчээр, чадварыг шаардах нь мэдээжийн зүйл биз ээ. Хэрэв та шувууг алдаагүй зөв таньж сурахыг хүсвэл шувууны хэмжээ, өнгө зүс, зан төрх, зогсох ба нисэх хэв маяг, амьдрах орчинг анхааралтай ажиглах хэрэгтэй. Нэг төрлийн хоёр зүйлийн шувуу зөвхөн хумсны өнгөөр ялгарах нь ч бий.

Туршлагатай ажиглагч нь шувууны бие, хошуу, сүүлний хэлбэр ба хэмжээ, дэлгэсэн далавчны хэлбэр, нүүр, толгой, хүзүү орчмын онцгой шинж тэмдгүүд, цээж хэвлий, ууц, нурууны өнгө зүс, зогсолтын төрх, сүүлний хөдөлгөөн, хооллолтын зан төрх зэргээр нь таньдаг. Мөн шувууны зүйл бүр нь өөр өөр амьдрах орчинг сонгон байрших ба говь цөлийн шувууд ойд хэзээ ч тохиолдохгүй байх жишээтэй. Иймд та тодорхой зүйлийн шувуу ажиглахаар ирж байгаа бол тухайн орчинд амьдардаг эсэхийг нь юун түрүүнд нягтлаарай.

-ШУВУУ АЖИГЛАЛТЫН ГАЗАРТ АНХААРАХ ЗҮЙЛС-

  1. Шувуу, түүний амьдрах орчинг сүйтгэх, шувуудын үүр, өндөгт ойртохгүй байх
  2. Цочмог, огцом хөдөлгөөн хийх, чанга дуу, чимээ гаргахаас сэргийлэх
  3. Ховор шувуудыг харвал “Ховор шувуудыг бүртгэх үндэсний комисс”-т мэдэгдэх /99068399/, үржлийн улиралд ховор шувуудын тухай мэдээллийг бусдад түгээхгүй байх
  4. Хэт тод өнгийн хувцас өмсөхгүй байх
  5. Нохой, муур зэрэг тэжээвэр амьтан дагуулахгүй байх
  6. Хог, хоолны үлдэгдэл үлдээхгүй байх
  7. Бусад ажиглагч нарт саад болохгүй байх
  8. Тээврийн хэрэгслийг ойрхон авч ирэхгүй байвал зохино
  9. Таныг ирэх үед шувууд үргэж, нуурын нөгөө захад гарсан ч тэвчээртэй хүлээж чадвал эргэн ойртож ирнэ.

Шувуу ажиглах сонирхол танд амьдрах орчноо илүү сайн танин мэдэх боломжийг олгохын зэрэгцээ байгаль хамгаалах, байгальд ээлтэй аж төрөх, амьтдын амьдрах орчныг хамгаалах сэдлийг төрүүлэх болно. Амралтын өдрөөрөө шувуу ажиглаж стрессээ тайлан тэдний өнгөлөг сайхан гадаад төрх, дуу авиа, зан төрхийг ажиглаж цэвэр агаарт алхан эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийж амралтын өдрөө зөв боловсон өнгөрүүлж байхыг уриалж байна.