Израилийн ЭМЯ вакцины үр дүнд үүссэн дархлааны үйлчлэл зургаан сарын дараа буурч байна гэв

Израилийн ЭМЯ вакцины үр дүнд үүссэн дархлааны үйлчлэл зургаан сарын дараа буурч байна гэв

Израилийн Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн эсрэг вакцины дархлааны үйлчлэл бүрэн тунгаа хийлгэснээс зургаан сарын дараа буурч байгаа талаар мэдээллээ. Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сард вакцины хоёр тунгаа хийлгэсэн хүмүүс коронавирусийн Дельта хувилбараар өвчлөх тохиолдол цөөнгүй гарч байгаа аж.

“Pfizer” компани өнгөрсөн долоо хоногт АНУ-аас COVID-19 вакцины гуравдахь тунг хийх зөвшөөрлийг авахаа мэдэгдэхдээ мөн энэ талаар дурджээ. Тодруулбал, “Pfizer”-ийн анагаах ухааны судалгаа, хөгжлийн газрын дарга Микаэль Долстен “Израиль улсад 1, 2-р сард вакцин хийлгэсэн хүмүүст үүссэн эсрэг бие зургаан сарын дараа буурах төлөвтэй байгаа тул халдвар авах эрсдэлтэй байж болзошгүй" гэж мэдэгдсэн байна.

Гэхдээ Эрүүл мэндийн яамтай хамтран ажилладаг зарим шинжээч судалгаа хийсэн сорьцын тоо хэтэрхий бага мөн нэгдүгээр сард вакцинд хамрагдсан хүмүүс ихэвчлэн дархлаа султай ахмад настнууд байсан тул дүгнэлт гаргахад эрт байна гэж анхааруулав.

Израилийн Эрүүл мэндийн яамны мэдээлснээр ням гарагт/2021.07.11/ тус улсад коронавирусийн 261 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Яамны мэдээлснээр 5,728,526 израильчууд вакцины эхний тун, 5,190,709 хүн бүрэн вакцинд хамрагдсан байна.

Эх сурвалж: Timesofisrael