Халдвар нэмэгдсээр байвал Олимпийг ДУНДААС нь цуцалж болзошгүй

 Халдвар нэмэгдсээр байвал Олимпийг ДУНДААС нь цуцалж болзошгүй

“Токио 2020” зуны олимпийн наадмын албан ёсны нээлт болоход нэгхэн хоног үлдээд байна. Гэвч наадамтай холбоотой  коронавирусийн 71 тохиолдол бүртгэгдсэн нь зохион байгуулагчдын санааг ихээхэн зовоож эхэллээ. Батлагдсан 71 тохиолдлын 31 нь гадаадын тамирчин, төлөөлөгч бол бусад нь зохион байгуулагч талын хүмүүс аж.

Хэдийгээр нь наадамд оролцож буй нийт тамирчин, багуудын тоотой харьцуулбал 71 тохиолдол илэрсэн нь бага мэт боловч халдварын дэгдэлт олимпийн хотхоноос хальж, нутгийн иргэдийг хамарвал томоохон эрсдэл үүсэх юм.

Одоогийн байдлаар олимпийн хотхонд нийтдээ 11 мянган хүн байрлаж байгаа аж.

Хэрэв тамирчдын дунд халдварын тархалт огцом нэмэгдэж, нээлтийн арга хэмжээнд ивээн тэтгэгч компаниуд оролцохоос татгалзаж эхэлбэл олимпийн наадмыг цуцлах асуудал яригдахыг зохион байгуулагчид мягмар гарагт /2021.07.20/ мэдэгдсэн. Тэгвэл Токио 2020 зохион байгуулах хорооны дарга Тоширо Муто Олимпийн наадмыг цуцлах асуудлыг үгүйсгээгүй байна.

Тодруулбал, өчигдөр/2021.07.21/ болсон хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид “сүүлийн шатуудад халдварын тохиолдол нэмэгдсээр байвал наадмыг дундаас нь цуцлах эсэх”-ийг асуухад Тоширо Муто үгүйсгэлгүйгээр “Хэрэв наадмын явцад халдвар мэдэгдвэл бид цуцлах, үргэлжлүүлэх эсэх асуудлаар хэлэлцүүлэг хийнэ. Шаардлагатай арга хэмжээг нөхцөл байдлаас шалтгаалан авч, хэрэгжүүлэх болно. Бид халдварын тохиолдол нэмэгдэх, эс нэмэгдэхийг урьдчилж хэлж чадахгүй шүү дээ” гэжээ. Түүний дараа Олимпийн зохион байгуулагчдын төлөөлөл “Наадмыг амжилттай үргэлжлүүлэхэд 100 хувь анхаарлаа төвлөрүүлж ажиллах болно” гэсэн байна. Мөн Олон Улсын Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Томас Бах “Олимпийг цуцлах нь хэзээ ч зөв сонголт биш” гэсэн байр суурийг илэрхийлжээ.

Эх сурвалж: BBC