Хүүхдийнхээ хүйсийг зарлах үдэшлэгийн үеэр түймэр дэгдээсэн хосуудад 20 жилийн ял төлөвлөжээ

Хүүхдийнхээ хүйсийг зарлах үдэшлэгийн үеэр түймэр дэгдээсэн хосуудад 20 жилийн ял төлөвлөжээ

Өнгөрсөн оны есдүгээр сард АНУ-ын Калифорни мужид залуу хосууд хүүхдийнхээ хүйсийг зарлах үдэшлэг хийх үеэрээ гал алдаж, томоохон түймэр дэгдээсэн хэрэг гарсан.  Түймрийн улмаас нэг гал сөнөөгч амь эрсдэж, хэд хэдэн хүн шархадсан юм. Тэдний дэгдээсэн түймэр Калифорнийн өмнөд хэсгийн 22 мянга гаруй акр/88 км.кв/ газрыг хамарсан бөгөөд олон байшин барилга, иргэдийн хөрөнгийг сүйтгэсэн. Галыг хоёр сарын дараа буюу арван нэгдүгээр сард бүрэн унтраасан байдаг.

Тэгвэл Мягмар гараг/2021.07.20/-т Сан-Бернардино мужид болсон шүүх хурлаар уг хэрэгт холбогдох Рефужио Мануэл Хименез Бага, Анжела Рене Хименес нарыг “гал түймэр болгоомжгүйгээр алдсан, бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан, бусдын амь насанд санаандгүй байдлаар халдсан” хэрэгт тус тус буруутгаж, яллах дүгнэлт үйлдсэн байна.

Хэрэв тэд буруутай нь шүүхээр нотлогдвол 20 хүртэлх жилийн ял сонсох болно хэмээн прокурорууд мэдэгдэв.

Сүүлийн үед хосууд хүүхдийнхээ хүйсийг зарлах үдэшлэгт утаат бөмбөлөг, салют, өнгөт утаа гаргагч ашиглах нь түгээмэл болжээ. Гэвч иргэд өөрсдийн болгоомжгүй байдлын улмаас амь нас, эрүүл мэндээрээ хохирсон цөөнгүй тохиолдол гарч байна. Тодруулбал, өнгөрсөн хоёрдугаар сард 28 настай Кристофер Пекни хэмээх иргэний хүүхдийнхээ хүйсийг зарлах үдэшлэгт зориулан бүтээж байсан төхөөрөмж дэлбэрсний улмаас амь насаа алджээ.  

Эх сурвалж: ВВС