ТАНИЛЦ: Олимпийн наадмын хамгийн залуу тамирчин болж буй 12 настай Хэнд Заза

ТАНИЛЦ: Олимпийн наадмын хамгийн залуу тамирчин болж буй 12 настай Хэнд Заза

Үе үеийн Олимпийн наадамд насанд хүрээгүй тамирчид өрсөлдсөөр ирсэн. Тэгвэл өнөөдөр албан ёсоор нээлтээ хийж буй Токио 2020 наадмын хамгийн залуу тамирчин 12 настай Сирийн ширээний теннисчин Хэнд Заза юм.

Хэнд Заза өнгөрсөн 2020 оны хоёрдугаар сард Азийн аварга шалгаруулах тэмцээнд Ливаны тамирчин 42 настай Мариана Сахакианыг ялснаар Олимпод оролцох эрхээ авсан. Сирийн энгийн хүүхдүүдийн адил Зазагийн бага нас нь иргэний дайны үед өнгөрсөн аж.

Заза математикийн хичээлд хамгийн их дуртай. Чөлөөт цагаараа ихэвчлэн Харри Поттер цувралыг уншдаг гэнэ

Заза энэ талаар BBC агентлагт саяхан өгсөн ярилцлагадаа “Би теннисийг дайнаас зугтах нэг арга зам гэж үздэг байсан. Гэвч Сири бол миний эх орон. Олимпод оролцож буй нь миний эх орон, эцэг эх, бүх найз нөхдөдөө өгөх бэлэг" гэжээ.

Заза таван хүүхэдтэй айлын хамгийн бага нь, дээрээ дөрвөн ахтай. Түүний аав нь залуудаа хөлбөмбөгчин байсан бол одоо гимнастикийн багшаар ажилладаг. Заза гэр бүлийнхнийхээ талаар “Спорт миний цусанд байдаг гэж боддог. Гэр бүлийнхэн маань намайг бага байхаас маш их тусалж, энэ спортоор хичээллүүлэхийн төлөө бүхнээ зориулсан” гэж ярьжээ.

Зазад олимпод бэлдэх газар ч байсангүй. Шал нь холцорсон, дөрвөн ширээтэй зааланд тэр хонож, өнжин бэлтгэл хийдэг байсан ч цахилгааны байнгын тасалдлаас болж бэлтгэлээ удаа дараа хойшлуулахаас өөр аргагүйд хүрдэг байжээ. Гэвч энэ бүгд түүний олимпийн медаль хүртэх гэсэн цуцашгүй хүслийг мохоож чадаагүй аж.

Эх сурвалж: BBC