Байгаль дэлхийгээ хайрлахын тулд бусдын хаясан хог хаягдлыг өөрийн мөнгөөр худалдан авч буй С.Ганзоригийг бид энэ удаа онцолж байна. Түүний зорилго бол төрсөн нутгаа хоггүй болгох, цаашлаад хүмүүст эх дэлхий, байгалиа хайрлан хамгаалах сэдэл төрүүлж, уриалах. Энэ зорилгоо тэрбээр тун өвөрмөц аргаар биелүүлэхийн төлөө зүтгэж, хүмүүсийн хаясан хогийг худалдан авч байна. Бид түүнтэй холбогдон яагаад уг ажлыг эхлүүлэх болсон, хүмүүс хэр хандаж байгаа талаар ярилцлаа.
-ХҮҮХДИЙН ТҮҮСЭН ХОГИЙГ ТУСГАЙЛАН 500 ТӨГРӨГ НЭМЖ АВЧ БАЙНА-
-Иргэдийн хаясан хогийг мөнгөөр худалдан авч байгаа талаар танай нутгийн хүмүүс ярьж, зарим нь их гайхаж байлаа. Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Намайг Сэр-Одын Ганзориг гэдэг. Баян-Өлгий аймгийн Цагаан нуур тосгонд амьдардаг, уугуул малчин. 2017 онд МУБИС-ын Урлаг, бие тамирын сургуулийг төгссөн. Одоо 25 настай. Ам бүл дөрвүүлээ. Гэхдээ одоохондоо Баян-Өлгийд ганцаараа амьдарч байгаа.
-Чухам яагаад хүмүүсийн хаясан хог хаягдлыг худалдан авч байгаа юм бэ. Энэ санаа хэрхэн төрөв өө?
-Саяхан би нутгийнхаа шүтдэг овоог тахих гээд очсон юм. Гэтэл овоон дээр уутанд хийчихсэн хэсэг хог байсан. Өөрийнхөө машинд ачиж, гэртээ ирээд хаях гэтэл олон төрлийн хог нийлүүлээд хийчихсэн байсан учраас бага зэрэг бухимдал төрсөн. Тэгээд л манай аймагт аялал зугаалгаар ирж буй болон нутагтаа аж төрөн амьдарч байгаа хүмүүсийг бага ч гэсэн эх орноо хайрлаасай гэсэн үүднээс иргэдийн хаясан хогийг худалдан авъя гэсэн санаа төрсөн юм.
-Санхүүжилтээ хэрхэн шийдэж байна. Өөр хувь хүн болоод байгууллагатай хамтран ажиллах талаар бодсон уу?
-Санхүүжилтээ одоогоор 100 хувь өөрөөсөө гаргаж байна. Хурааж хадгалсан хэдэн төгрөг байсан. Мөнгөөрөө өөр зүйл эхлүүлэх санаатай байсан ч ковидын улмаас зорьсон зорилгодоо хүрэхээргүй болоод байсан юм. Үргэлж л хэдэн мал, байгалийнхаа буянаар тэтгэгддэг надад бага ч гэсэн буцааж төлөх арга байна гэж бодсоны үндсэн дээр өөрөөсөө хэдэн төгрөг гаргаж байна. Одоохондоо өөр хамтран ажиллах хүн, байгууллага байхгүй ээ. Өөрөө сайн дурын үндсэн дээр эх орондоо хайртай хүмүүсийг уриалах үүднээс л энэхүү ажлыг зохион байгуулсан учраас өөр хэн нэгэнтэй хамтрах талаар бодоогүй. Гэхдээ хамтран ажиллаж, тусална гэвэл дуртайяа хүлээж авна. Хувийн хэвшил болоод хувь хүмүүстэй хамтран ажиллах сонирхолтой байна. Төрийн байгууллагатай хамтрахгүй. Тэгвэл ажил илүү удаашрах байх гэж бодож байна.
-Та хогоо хэрхэн үнэлж худалдан авч байна вэ? Хогийг хүлээн авахдаа ямар шаардлага тавьж байна?
-Юун түрүүнд хог хаягдал гэх утгыг иргэд зөв ойлгоосой гэж хүсэж байна. Хог хаягдлыг дотор нь аюултай хог хаягдал, энгийн хог хаягдал, дахивар нөөц гэж ангилж байгаа. Миний хувьд суурьшлын бүсээс бусад газар болох хээр гадаа аялж зугаалгаар хаягдсан энгийн хог хаягдлыг голлон авна. Мөн зарим иргэн “гэртээ байгаа ахуйн хаягдлыг ирээд авчих” гэж холбогдох тохиолдол байна. Би ийм төрлийн хог хаягдлыг авахгүй. Байгалийн гаралтай арьс шир, яс, үс зэргийг мөн авахгүй. Байгальдаа өөрөө шингэчихнэ шүү дээ. Харин хүнээс үүдэлтэй хог хаягдлыг л авна. 1 кг хогийг 500 төгрөгөөр харин уул, ус, булаг шандны хог хаягдлыг 1 кг тутамд 1500 төгрөгөөр тооцож авч байгаа. Ингэхдээ хог түүсэн зураг болон бичлэгээ заавал хийсэн байх ёстой. Мөн хаанаас хэзээ түүсэн хог хаягдал зэргийг бичлэгт тусгаж өгсөн байх шаардлагатай. Хүүхдийн түүсэн хогийг тусгайлан 500 төгрөг нэмж худалдан авч байгаа.
-ЦАХИМ СҮЛЖЭЭНД МАШ ИХ ХАНДАЛТ АВЧ БАЙГАА Ч БОДИТ БАЙДАЛ ДЭЭР ХОГ АВЧИРЧ ӨГӨХ ХҮН ЦӨӨН БАЙНА-
-Одоогоор хэдий хэмжээний хог хаягдлыг, хэр их хүн танд зарсан байна вэ?
-Одоогоор 8,9 нь л хүн байна. Ойролцоогоор 200 мянган төгрөг зарлагдсан байх. Тэгэхээр тэр тооны хог хаягдлыг хүлээн авсан гэсэн үг. Иргэдийн авч ирсэн хогийг би өөрийнхөө хашаандаа цуглуулж байгаа. Цуглуулж дуусаад сүүлд нь нэг дүгнэлт хийнэ.
-Гэр бүлийнхэн болоод эргэн тойрны хүмүүс таны ажлыг хэрхэн хүлээн авч байна?
-Гэрийнхэндээ ерөөсөө хэлээгүй ээ. Хэлсэн ч таатай хүлээж авах байх. Намайг маш сайн ойлгодог. Харин хог хаягдлыг авч байгаа гээд зар тавихад хүмүүс их эерэгээр хүлээн авч, цахим сүлжээнд маш их хандалт авсан. Гэхдээ бодит байдал дээр хог авчирч, өгч байгаа хүн маш цөөхөн байна, идэвх муу л байна.
-Цаашид хэдий хугацаанд хэдэн төгрөгийн хогийг худалдаж авах төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Мөнгө дуусах хүртэл энэхүү аянаа өрнүүлнэ. Гэхдээ яг хэдэн төгрөг гэдгийг хэлэх боломжгүй байна, уучлаарай.
-Цугларсан хогийг ангилж тушаах, дахин боловсруулах ажил хийх үү?
“Манай аймгийн хувьд уул, хадны хог хаягдал харьцангуй бага, харин ус шандны хог хаягдал их юм шиг санагдсан. Бас овоондоо мөргөж, шүтэж байна гэх нэрийдлээр хог их гаргаж байна. Иймд зөв тахиж шүтээсэй гэж зөвлөмөөр байна. Цугларсан хогоо сүүлд нь нэгдсэн байдлаар хогийн машинаар хогийн цэг рүү зөөвөрлөж хаяна. Ангилж тушаах боломж ерөөсөө байхгүй. Иймээс бүгд хогийн цэгт хаягдана.
-Хотод ирээд энэхүү аянаа үргэлжлүүлэх бодол байгаа юу?
-Тийм ээ. Баян-Өлгий аймгаа хоггүй болгочхоод хотод очиж бас энэ аянаа өрнүүлж, иргэдийг уриалан нийтээрээ хоггүй болох зорилготой байна. Нэг ч гэсэн хүн ухаарч ойлгон, байгаль, дэлхийдээ хог хаяхгүй байвал миний зорилго биелж байна гэсэн үг. Тосгондоо хоггүй аянаа амжилттай дуусгавал Баян-Өлгийн төвийг мөн 14 хоногийн дотор хоггүй болгох төлөвлөгөө боловсруулаад байгаа. Цаашлаад энэхүү аянаас өөр аймгууд санаа авч яг ийм хэлбэрээр биш ч, өөрсдийн боломж бололцоондоо тааруулж хэрэгжүүлнэ гэж найдаж байна.
Мөн нутгийнхаа хүмүүст идэвхтэй хамрагдахыг уриалмаар байна. Цахим сүлжээгээр хий дэмий шуурах ямар ч нэмэргүй тул бүгд дор дороо бодоод өнгөрөх биш үйлдэл болгоосой гэж уриалж байна. Мөн надад санаа бодлоо хэлж, зөвлөж тусалж дэмжиж байгаа найз нөхөд, бүх хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлмээр байна.
-Баярлалаа. Танд амжилт хүсье.
-Баярлалаа.