Монгол улсад 2021 оны “ФИБА 3x3 U23” ДАШТ зохион байгуулагдана

Монгол улсад 2021 оны “ФИБА 3x3 U23” ДАШТ зохион байгуулагдана

Монгол улсад “ФИБА 3x3 U23” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах болсныг ФИБА албан ёсоор зарлажээ.

Тодруулбал, Тэмцээн зохион байгуулах гэрээг Токиогийн Олимпын наадмын 3х3 төрлийг МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон ФИБА-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андреас Загилис нар хамт үзэх үеэр байгуулсан бөгөөд энэ нь 3х3 төрлийн ДАШ гурав дахь тэмцээн юм. Тэмцээн энэ оны аравдугаар сарын 11-нээс 15-ны /2021.10.11-15/ өдрүүдэд үргэлжлэх бөгөөд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдах аж.

Энэ талаар Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Л. Мягмаржав хэлэхдээ, “ФИБА 3x3 U23 буюу Залуучуудын Дэлхийн аваргыг Монгол улсдаа авчирч байгаадаа бид маш их баярлаж бахархаж байна” гэсэн байна.

Мөн ФИБА-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андреас Загилис, “Шинэ улсуудад сагсан бөмбөгт гялалзах боломжийг 3х3 олгож буйн гайхамшигтай үлгэр жишээ Монгол улс болсоор байна” гэжээ.

Монгол улс өмнө нь ФИБА 3x3 Азийн аварга болон ФИБА 3x3 U18 Дэлхийн аварга гэх мэт олон албан ёсны тэмцээнийг зохион байгуулж байсан бөгөөд түүгээрээ ч  гайхалтай зохион байгуулагч гэдгээ батлан харуулж чадсан юм.