Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийн хуралдааныг Ерөнхий сайд Н.Учрал ахалж явууллаа.
Хуралдаанаар иргэд шатахуун авахын тулд дараалалд хүлээж, ажил, амьдрал, цаг заваараа хохирсоор байгаа нь дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэртэй болох шаардлага, ач холбогдлыг харуулж байгааг онцолсон байна. Засгийн газраас түлш, шатахуун, эрчим хүчний хараат байдлыг бууруулах чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцыг хамгийн сүүлд наймдугаар сарын 10-нд шалгасан юм. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар үйлдвэрийн бүтээн байгуулалтад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хэд хэдэн чиглэл өгчээ.
Тодруулбал, УИХ-аар гадаад зээлийн асуудлыг шийдвэрлүүлж, газрын тос боловсруулах үйлдвэрийн санхүүжилт, гүйцэтгэлийг уялдуулан шийдвэрлэхээр болсон байна.
Мөн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хүрээнд зарим татвар, төлбөрөөс чөлөөлж, үйлдвэрлэл, технологийн паркийн статустай болгохоор шийдвэрлэжээ. Түүнчлэн үйлдвэрийн бүтээн байгуулалтад тулгамдаж буй асуудлыг сар бүр хэлэлцэж шийдвэрлэх ажлын хэсэг байгуулсан байна. Түүхий эдийн тогтвортой хангамжийг бүрдүүлэх зорилгоор 15 байршилд газрын тосны хайгуул эхлүүлсэн бөгөөд Газрын тосны тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болсон талаар мэдээлэв. Дээрх шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангаж, газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг саадгүй урагшлуулах үүргийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамирт өглөө.