БОУАӨЯ: Баавгай үзэгдсэн бүх байршлыг нэгтгэж, эрсдэлтэй бүсэд хөдөлгөөнийг хязгаарлана

БОУАӨЯ: Баавгай үзэгдсэн бүх байршлыг нэгтгэж, эрсдэлтэй бүсэд хөдөлгөөнийг хязгаарлана

БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр цагийн үеийн нөхцөл байдалтай уялдуулан 21 аймаг, Нийслэлийн байгаль орчны газар, Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын удирдлага, холбогдох албан хаагчидтай шуурхай хуралдаж дараах чиглэлийг өглөө. 

Ингэхдээ эрсдэл бүхий орон нутгууд ойн бүс дэх олон нийтийн арга хэмжээ, аялал зугаалгыг зогсоох, мод бэлтгэх, жимс түүх, ойн бүсэд зорчих хөдөлгөөнийг зогсоохыг үүрэг болгов. 

Нэгдүгээрт, сүүлийн 30 хоногт баавгай үзэгдсэн бүх байршлыг сум, баг, координатаар нэгтгэж, өнөөдрийн дотор яаманд ирүүлэх.

Хоёрдугаарт, шинээр мөр, баас, идэшний үлдэгдэл, малын сэг зэм илэрсэн газрыг эрсдэлтэй бүс гэж үзэж, иргэдийг тухайн хэсэгт зорчихгүй байх талаар шууд анхааруулах.

Гуравдугаарт, баавгай давтан үзэгдсэн газарт байгаль хамгаалагч, цагдаа, онцгой байдлын хамтарсан эргүүл гаргаж, орой, шөнийн цагаар хяналт нэмэгдүүлэх.

Дөрөвдүгээрт, айл өрх, малчдын хот, аялал жуулчлалын бааз, хогийн цэг орчимд хүнсний хаягдал, малын сэг зэм ил задгай байлгахгүй байх арга хэмжээг сумын хэмжээнд зохион байгуулах.

Тавдугаарт, баавгай үзэгдсэн тухай мэдээлэл ирсэн даруйд тухайн багийн иргэдэд утас, мессеж, фэйсбүүк зэрэг цахим сувгаар сэрэмжлүүлэг хүргэх. Мэдээллийг зөвхөн байгууллага хооронд дамжуулаад орхихгүй.

Зургаадугаарт, аймаг бүр баавгайтай холбоотой дуудлагад ажиллах шуурхай баг, машин, холбоо, хамгаалах хэрэгслийн бэлэн байдлаа өнөөдөр шалгах.

Долоодугаарт, шинээр баавгай үзэгдсэн болон авсан арга хэмжээний мэдээг өдөр бүр тогтсон цагт яаманд нэгтгэн ирүүлэх.

Хүн эрсэдсэн энэ тохиолдлын дараа бусад аймаг, сум “манайд одоогоор асуудал гараагүй” гэж хүлээж суухгүй. Эрсдэл үүсэхээс өмнө ажиллах ёстой гэв.