Хөвсгөл нуурт живсэн Сүхбаатар хөлөг онгоцны хэмжээ, байршлыг тогтоохоор шумбалт хийж байна

Хөвсгөл нуурт живсэн Сүхбаатар хөлөг онгоцны хэмжээ, байршлыг тогтоохоор шумбалт хийж байна

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хөвсгөл нуурын экосистемийн бохирдлын эрсдэлийн судалгаа хийж, нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажлыг олон улсын байгууллагатай  хамтран ажиллах талаар тусгасан байдаг.

Үүний дагуу Хөвсгөл нууранд живсэн хөлөг онгоцуудыг татан гаргахад Засгийн Газраас хоёр тэрбумын санхүүжилт гаргахаар болсон. Тэгвэл МУ-ын Ерөнхий сайдын 2020 оны 117-р захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд ажиллажээ.

ОБЕГ-ын шумбагчид Хөвсгөл нуурт живсэн Сүхбаатар хөлөг онгоцны хэмжээ, байршил, нөхцөл байдлыг тогтоохоор 4-5 удаагийн шумбалт хийсэн байна.

Ажлын хэсгийн хурлаар эхний ээлжид 1986 онд Хөвсгөл аймгийн Хатгал сум орчимд живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гарахаар болсон билээ.  Сүхбаатар хөлөг онгоц нь 1956 онд ОХУ-д үйлдвэрлэсэн, БОР-500 загварын 42 метр урттай, 18 метр өндөр, 300 тонн жинтэй. Хөвсгөл нуурт 50 метрийн гүнд, эргээс 15 метр орчмын зайтай байгааг тогтоосон. Монгол Улсын хувьд өмнө ийм том хэмжээний хөлөг татан гаргах аврах ажиллагаа явуулсан туршлагагүй. Тиймээс  аврагчдын техник хэрэглэлийг судлан бэлтгэж, ОХУ-аас туршлага солилцож байгаа аж.