АНЭУ 3-17 насны хүүхдүүдийг БНХАУ-ын вакцинаар дархлаажуулна

АНЭУ 3-17 насны хүүхдүүдийг БНХАУ-ын вакцинаар дархлаажуулна

Арабын Нэгдсэн Эмират улс 3-17 насны хүүхдүүдийг БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн вакцинаар дархлаажуулна хэмээн мэдэгдлээ. Уг шийдвэрийг Засгийн газраас “эмнэлзүйн туршилт, нарийвчилсан үнэлгээний үр дүнд үндэслэн” гаргасан гэжээ. Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлж буйгаар өнгөрсөн зургадугаар сард уг насны 900 гаруй хүүхдийг туршилтад хамруулсан байна.

Дархлаажуулалтаараа дэлхийд дээгүүрт бичигдэж буй Персийн булангийн Араб улс 12-15 насны хүүхдүүдийг Pfizer-ийн вакцинаар дархлаажуулах ажлыг эхлүүлээд удаж буй. Одоогоор 9 сая хүн амтай тус улсын 78.95 хувь нь вакцины эхний тунд, 70.57 хувь нь бүрэн тундаа хамрагдаад байгаа аж.

Вакцинд хамрагдсан хүмүүсийн дийлэнх нь “Синофарм” үйлдвэрийн “Вероселл” тариулсан боловч халдварын тархалт өндөр байгаа. Тиймээс өнгөрсөн зургадугаар сараас эхлэн “Вероселл” тариулсан өндөр настай, архаг хууч өвчтэй иргэдэд “Pfizer” вакциныг гурав дахь тунгаар санал болгож эхэлсэн юм.

Эх сурвалж: Reuters