ХӨШИГНИЙ АРД: Э.Оюунболдыг допингтой барилдаж Э.Нямаад зориуд унасан гэж хардаж, Х.Нямбаатар түүнийг унасан даруйд яваад өгчээ

ХӨШИГНИЙ АРД: Э.Оюунболдыг допингтой барилдаж Э.Нямаад зориуд унасан гэж хардаж, Х.Нямбаатар түүнийг унасан даруйд яваад өгчээ

Монгол улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний бөхийн холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан уржигдар /2021.8.17/ Хүйн долоон худагт эхэлж өчигдөр өндөрлөлөө. Тус барилдаанд Ховд аймгийн харьяат улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Төв аймгийн Баянчандмань сумын харьяат аймгийн арслан Э.Ууганбаяр үзүүрлэлээ.

Ойрын саруудад бөхийн барилдаан үзээгүйтэй холбоотойгоор иргэд, олон нийт тус барилдааныг ихээхэн хүлээлт өндөртэй, анхааралтайгаар ажиглаж үзлээ. Барилдааны туршид үзэгчид болон бөхчүүд улсын аварга Э.Оюунболдыг эсэргүүцсэнээс гадна тавын даваанд аймгийн арслан Э.Нямаад өвдөг шороодсон асуудлыг тойрч шүүмжлэл, маргаан мэтгэлцээн өрнүүлсэн. Монгол бөхийн ёс жудаг, дүрэм журам гээд өчигдөр бүхэлдээ тус барилдааныг тойрсон яриа нийгэмд болж өнгөрлөө. Тэгвэл бөхийн барилдааны ард өөрөөр хэлбэл хөшигний цаана ямар үйл явдал, яриа болсон тухай мэдээллийг тоймлон хүргэе.

-Э.ОЮУНБОЛД ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭ ӨГНӨ ГЭЖ Ц.СОДНОМДОРЖИД АМЛАЖ БАРИЛДЧИХААД ӨГӨЛГҮЙ БУЛТЖЭЭ -

Барилдааны хоёр дахь өдөр буюу өчигдөр улсын том цолтой бөхчүүдийн ихэнх нь Э.Оюунболд аваргыг эсэргүүцэж гурвын давааны өмнө “Монгол бөхийн аваргын нэр хүндийг унагасан. Яг адилхан асуудалд нэр холбогдсон улсын начин Д.Цэрэнтогтох чимгээ хураалгасан. Э.Оюунболдын эрхээ хасуулсан хугацаа өнгөрсөн сарын 11-ны өдөр дууссан ч цолыг нь хураах  Дээд шүүхийн шийдвэр гарсан. Харин Х.Баттулга Ерөнхийлөгчийн ажлаа өгөхөөс өмнө цолыг нь хураах зарлиг гаргаагүй. Шударга байх ёстой” гэж суулт зарлаж, бойкот хийн ам авахгүй гэж гүрийсэн.

Тэр дундаа улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Ц.Содномдорж улсын гарьд Б.Гончигдамба, улсын гарьд  Ө.Бат-Орших болон Өвөрхангай, Төв аймгийн бөхчүүд ихээхэн эсэргүүцжээ.

Эцэстээ Ц.Содномдорж Э.Оюунболдыг аварга цолтойгоо барилдаж буй эсэргүүцэж допингийн шинжилгээ өгөхийг шаардан маргалджээ. Харин Э.Оюунболд хариуд нь гурвын даваанд Ц.Содномдоржийг амлан авч “Тэгье. Би тав давсан, даваагүй допингийн шинжилгээ өгнө. Хоёулаа цуг өгье” гэсэн байна. Ингээд барилдаан болж Э.Оюунболд Ц.Содномдоржийг давсны дараа хэлсэнээсээ буцаж “Допингийн холбоо нэр цохон, надаас шинжилгээ авна гэвэл би өгнө. Түүнээс биш нэг хүний хатгалгад орж шинжилгээ өгч чадахгүй. Энэ тухай цаасан дээр бичигдсэн зүйл ч алга. Хэрэв байгаа бол арслан Ц.Содномдорж гаргаж өгнө биз. Ерөнхийлөгч зарлигаа буцаасан бол би аварга цолоороо барилдахгүй байж болно. Гэхдээ Ерөнхийлөгчийн тамгын газраас ийм зарлиг гаргаагүй учир би аварга цолоороо барилдсан. Үндэсний бөхийн холбооноос ч аварга цолтойгоор намайг барилдаанд бүртгэсэн. Иймд би бүртгүүлсэн цолоороо барилдлаа. Ерөнхийлөгчийн тамгын газраас миний цолыг хураасан албан бичиг, зарлиг гаргаагүй учраас би аварга цолны эрхтэй гэж бодож байна” гэж хэлээд өгөлгүй гүрийсэн байна. Харин Ц.Содномдорж хэлснээрээ допингийн шинжилгээ өгчээ. Тиймээс бөхчүүд өчигдрийн барилдаанд Э.Оюунболдыг мөн л допингтой барилдсан хэмээн харджээ.

-ХУУЛЬ ЗҮЙН САЙД Х.НЯМБААТАР Э.ОЮУНБОЛДЫГ УНАСНЫ ДАРАА БӨХ ҮЗЭЛГҮЙ ОРХИЖ ЯВСАН ГЭВ-

Түүнийг допинг хэрэглэсэн гэж хардах бас нэгэн үндэслэл гарчээ. Э.Оюунболд тавын даваанд аймгийн арслан Э.Нямааг амлан авч өвдөг шороодсон.

Тус даваанд улсын аварга П.Бүрэнтөгс Э.Нямааг амлан авах гэхэд Э.Оюунболд “Битгий амлаж аваарай. Зөрүүлчих” гэж учирлаж гуйсан гэх мэдээлэл байна.

Ингээд өөрөө Э.Нямааг амлан авч унасан бөгөөд үүнийг зохион байгуулалттай буюу зорилготой унаж өгсөн хэмээн бусад нь бөхчүүд нь хардаж байгаа аж. Учир нь таваас дээш давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг. Харин Э.Оюунболд допингийн шинжилгээг өгөхгүй хэмээн зугатаасандаа Э.Нямаатай хуйвалдаж унаж өгсөн байх магадлалтай гэж буй аж. Түүнээс Ц.Содномдоржийг давчихаад Э.Нямааг давахгүй байх магадлал бага бөгөөд хэрүүл, зарга тахимаа үүсгэлгүй өгсөн нь ийнхүү хардлага дагуулсан байна. Энэ бүхнээс дүгнээд Э.Оюунболдыг энэ удаагийн барилдаанд ч допингтой оролцсон гэж бусад бөхчүүд хардсан талаар эх сурвалж хэллээ.

Мөн Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Э.Оюунболдыг унасан даруйд бөхийн барилдааныг орхин явсан гэх яриа ч Хүйн долоон хутагт гарчээ.

Ерөөс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд нь Э.Оюунболдтой нутаг нэг учир цолыг нь хураах зарлиг гарахгүй. Арыг нь даах хүмүүстэй учир ингэж дураараа авирлаж байна гэж бөхчүүд өөр хоорондоо ярилцжээ. Дашрамд дуулгахад, өчигдрийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдэд шагнал гэж батламж гардуулсан бөгөөд цол, чимгийг нь олгох асуудлыг Хууль зүйн яаман дээр дараа шийдэж албажуулж магадгүй гэх албан бус яриа яригджээ.