Дэлхийн уулархаг бүс нутагт археологийн “эрдэнэсүүд” мөсөөр хучигдан хадгалагдаж байна. Өөрөөр хэлбэл, байгаль өөрөө хөлдөөгчийн үүрэг гүйцэтгэж эртний хүн, амьтдын зан байдал, түүх соёл, амьдралын хэв маягийг өгүүлэх олдворуудыг гэмтээхгүйгээр хадгалж чаддаг.
Гэвч дэлхийн бөмбөрцгийн олон цэгт “хадгалагчийн” үүрэг гүйцэтгэж асан мөсөн цэгүүд хайлж байна. Харин археологичид ил болсон олдворуудыг алга болохоос нь өмнө олж тогтоох, сэргээх, судлахад шаардагдах санхүүжилт, боловсон хүчнийг цуглуулахаар ажиллаж байна.
Колорадогийн Их Сургуулийн хэсэг судлаачид, Монголын Үндэсний Музей болон дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн түншүүдтэй хамтран Монголын байгальд мөсөөр хучигдан хэдэн мянган жил “нуугдсан” олдворуудыг олж тогтоох, шинжлэх, хадгалах ажлыг хийж байгаа юм.
Зуны урин дулаан улиралд зарим ургамал мөс дагаж ургадаг. Мөн хандгай, хонь, зэрлэг үхэр зэрэг аварга амьтад сэрүүцэх, шавьжаас дайжиж мөс хайдаг. Энэ мэтээр амьтад болон ургамал археологийн олдворуудыг олоход тусалдаг.
Гэхдээ өндөр уулын цаг агаар эрс тэс байдаг учраас археологичид төдийлөн судалгаа хийж чаддаггүй. Улмаар эртний уулын оршин суугчдын хүн төрөлхтний түүхэнд үлдээсэн чухал хувь нэмэр орхигдож, археологийн бүртгэлээс гадуур үлдэж байна. Тухайлбал, Монголын Алтайн өндөр уулс тус бүс нутгийн хамгийн эртний бэлчээрийн мал аж ахуйн түүх соёлын өлгий. Гэхдээ тус соёлыг цөөн хэдэн булш, цөөн чулуун байшингийн балгасаар л мэддэг.
Харин саяхан судлаачид Монголын баруун хэсэгт орших уулын орой хэсэгт хайлж буй мөсөн талбайгаас нарийн ширхэгтэй амьтны үсээр хийсэн олс олсон юм. Олс чулуун дунд хэвтэж байсан төдийгүй өмнөх өдөр нь мөс хайлж ил болсон мэт харагдаж байв. Нарийвчилсан судалгаагаар уг олдвор нь 1500 гаруй жилийн настай болохыг тогтоосон аж.
Заримдаа мөснөөс хайлж, ил болсон олдвор өнгөрсөн үеийн талаарх археологичдын таамаглалыг үгүйсгэдэг. Тухайлбал, Монголын баруун бүс нутгийн эртний хүмүүсийг археологичид мал маллаж ирсэн гэж тодорхойлж байсан бол саяхан мөсөн голоос жад, сум гэх мэт ан агнуурын эд өлгийн зүйл, аргаль хонь зэрэг том ан амьтдын араг ясны үлдэгдэл олдсон юм.
Эх сурвалж: Scroll