Ц.Магалжав: Ерөнхий цэц дахин барилдуул гэж хэлэхэд Э.Оюунболд элэг бүсээ тайлаад явсан

Ц.Магалжав: Ерөнхий цэц дахин барилдуул гэж хэлэхэд Э.Оюунболд элэг бүсээ тайлаад явсан

Өчигдөр/2021.08.17/ Хүй долоон хутагт болсон 512 бөхийн барилдааны үеэр улсын аварга Э.Оюунболдыг Өмнөговь аймгийн арслан Э.Нямаа өвдөг шороодуулсан нь бөх сонирхогчдын анхаарлыг татаж, ярианы гол сэдэв болж өнгөрлөө. Зарим иргэний зүгээс Э.Нямааг дүрмийн дагуу барилдсан хэмээн үзэж байсан бол зарим нь дахин барилдуулах ёстой гэсэн байр суурьтай байв.

Тэгвэл уг барилдааны талаар Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав “Бөхийн барилдааны дүрэмд зааснаар талбайд хоёр бөх барилдаж байгаад хэн нэг нь барилдааныг засуул зогсоогоогүй бол орхиж болохгүй. Хэрэв тийм үйлдэл гаргавал нөгөө бөх барьц аван хаяж болно. Дээрх хоёр бөхийн хувьд нэг нь санаачлага авч түрж захад ирсэн. Э.Оюунболд захад ирлээ гээд цааш эргэсэн, Э.Нямаа араас нь барьж хаясан үйлдэл харагдаж байгаа. Хөлийн цэцүүд үүнийг хэлэлцээд талбайн голд Э.Нямаагийн зөв, захад ухарч байгаад цааш эргэхэд засуул бариагүй ч барьж давсан тул дахин барилдуулах шийдвэрийг хянаж байсан хоёр цэц, ерөнхий цэцийнхээ хамтаар гаргасан. Үүн дээр манай цэцүүд “дахин барилдуул” гэсэн зөв шийдвэр гаргасан. Ерөнхий цэц дахин барилдуул гэж хэлэхэд Э.Оюунболд элэг бүсээ тайлаад явсан. Энэ үйлдэл анхаарал татсан” гэжээ.