Саеид Моллаей: Би Монгол иргэншилтэй Монгол хүн болсон байхад төр засгаас намайг үл тоож байгаад гомдолтой байна

Саеид Моллаей: Би Монгол иргэншилтэй Монгол хүн болсон байхад төр засгаас намайг үл тоож байгаад гомдолтой байна

“Токио-2020” зуны олимпын XXXII наадамд амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн тамирчин "Саеид Моллаейг Засгийн газар тоосонгүй, шагнаж урамшуулсангүй хэмээн гомдоллосон" гэх мэдээлэл цахим сүлжээнд нэлээдгүй шуугиан тарьсан билээ. 

Тэгвэл тэрбээр UBN мэдээллийн сайтад өгсөн тодруулгадаа, "Энэхүү мөнгөн медалийг би юуны түрүүнд өөртөө болон гэр бүлдээ, хоёрт Монголчуудад зориулсан. Бүх Монголчууддаа баярлалаа гэж хэлмээр байна. Гэхдээ өнөөдөр би гомдолтой байна. Учир нь маш олон худал мэдээлэл цацагдаж байгааг харлаа. "Саеид Моллаейг орон сууц болон их хэмжээний мөнгөн урамшууллаар шагналаа" гэх мэт хуурамч мэдээлэл их байна. Үнэндээ би одоогоор ямар ч шагнал аваагүй.

Харин хүрэл медаль авсан Ц.Цогтбаатар, М.Уранцэцэг нар байраар шагнуулсан. Тэд нар хүрэл медаль авсан харин би мөнгөн медаль авсан шүү дээ.

Би Монголд ирээд Монголын ард түмэнд баярлаж байгаагаа илэрхийлсэн. Монголд ирснээс хойш би арван хоног зочид буудалд байрлаж байна. Гэтэл төр засаг болон үндэсний олимпын хорооноос хэн ч ирж надтай уулзаагүй. Ямар ч арга хэмжээ зохион байгуулаагүй. М.Уранцэцэг болон Ц.Цогтбаатар нарт олон төрлийн бэлэг өгсөн ч надад юу ч өгөөгүйд харамсаж байна. Би Монгол иргэншилтэй Монгол хүн болсон шүү дээ. Арван хоногийн дараа би гэр бүлрүүгээ явахаар болсон. Энэ наймдугаар сарын 13-нд Олимпод оролцож, медаль хүртсэн тамирчдыг хүлээн авч уулзана гэсэн боловч би тэр өдөржин зочид буудалдаа байсан. Хэн ч надруу залгаагүй, ямар ч мэдээлэл байгаагүй тул би их гомдсон. Надад машин бэлэглэсэн ч 2010 онд үйлдвэрлэсэн машин байсан. Энэ хангалттай бус. Мөнгөн медаль авсан хүний хувьд хангалтгүй гэж бодож байна. Монголын төр засгаас намайг дэмжих хэрэгтэй байна. Надад туслалцаа хэрэгтэй байна, мөнгө хэрэгтэй байна гэж хэлж байгаа нь надад ч тийм таатай санагдахгүй байна. Монголын ард түмэн бол сайхан сэтгэлтэй сайн хүмүүс харин төр засаг л намайг дэмжих хэрэгтэй байна" гэжээ. 

 




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө