Д.Бауыржан: ЭЕШ-д 700-800 оноо авсан сурагчийн багш, эцэг, эхэд 500 мянгаас нэг сая төгрөгийн урамшуулал олгоно

Д.Бауыржан: ЭЕШ-д 700-800 оноо авсан сурагчийн багш, эцэг, эхэд 500 мянгаас нэг сая төгрөгийн урамшуулал олгоно

ЭЕШ-д өндөр оноо авсан Баян-Өлгий аймгийн сурагчид болон тэдний эцэг эх, багш нарыг нэг сая төгрөг хүртэл тэтгэлэг олгохоор болжээ.

Энэ тухай тус аймгийн Засаг дарга Д.Бауыржан "Манай аймагт энэ жил 1,448 хүүхэд ЭЕШ өгнө. Цар тахлын улмаас хөл хорио тогтоож байдал амаргүй байгаа боловч Засаг даргын тамгын газар, АОК, Боловсрол, соёлын газар хамтран өндөр түвшинд зохион байгуулахаар ажиллаж байна.  Аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газраас ЭЕШ-д өндөр оноо авсан хүүхдүүд болон тэдний эцэг, эх, багшийг урамшуулж, сая хүртэлх төгрөгийн тэтгэлэг олгодог хөтөлбөр хэрэгжиж байна" гэжээ. 

Энэ талаар тодруулахаар бид Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржантай холбогдлоо. 

-ЭЕШ-т өндөр оноо авсан сурагч, багш, эцэг эхчүүдийг нэг хүртэлх сая төгрөгөөр урамшуулах шийдвэрийг гаргасан байна. Сүүлийн жилүүдэд Баян-Өлгий аймгийн төгсөх ангийн сурагчид ЭЕШ-д хангалтгүй оноо авч буй нь ийм шийдвэр гаргахад хүргэсэн үү? 

-Сүүлийн жилүүдэд манай хүүхдүүд хангалтгүй үнэлгээ үзүүлээд байгаа юм. Монгол хэл, уранзохиолын хичээлээр казах хүүхдүүд тааруухан дүн аваад байдаг. Гэхдээ математик, физик, англи хэл, орос хэл болон нийгмийн ухааны зарим хичээлээр улсын түвшинд эхний тавд эрэмбэлэгддэг.  Аймгийн ИТХ-аас шийдвэр гаргаж ЭЕШ-т оролцож буй хүүхдүүдийг идэвхжүүлэх, чанарын түвшинд ахиулах, багш, сурагчдыг урамшуулахаар болсон. Жилд нийт 50 хүртэлх сая төгрөгийн урамшуулал үзүүлдэг. 800 хүртэлх оноо авсан сурагч болон багшийг тус бүр нэг сая хүртэлх төгрөгөөр урамшуулдаг. Нэг багш 4 сая төгрөг авсан тохиолдол ч бий. Сурагчид нь амжилт үзүүлсэн дүнгээрээ үнэлэгдэнэ шүү дээ. 700-аас дээш оноо авсан сурагчдын эцэг эхэд нь 500 мянган төгрөгийн урамшуулал олгодог. Оюутны дотуур байрны нэг жилийн төлбөрийг нь аймгаас төлөх гэх мэт. Гурван жил дараалан хэрэгжиж буй хөтөлбөр. Энэ жил ч аймгийн төсөвт төсөв нь суугдсан. ЭЕШ-д өндөр оноо авсан сурагчдад урамшуулал өгөх ажил цаашид үргэлжилнэ. 

-Гурван жилийн хугацаанд нийт хэдэн сурагч, багш уг урамшуулалд хамрагдсан бэ?

-Сурагч, багш, эцэг эхчүүд нийлээд 40 гаруй сая, зарим жил 30 гаруй сая төгрөг авсан тохиолдол бий.  Цаашид УИХ-ын гишүүд болон олон улсын байгууллага бусад газрын сургалтын төлбөрийн тэтгэлэгт сурагчдаа хамруулах ажлыг ч бид зохион байгуулж байна. Энэ бол багш нарын хөдөлмөрийг үнэлж буй урамшуулал. Мөн сурагчдыг идэвхжүүлж, итгэл үнэмшил төрүүлж буй ажил л юм. Аймгийн боловсролын салбарын үйл ажиллагааг 12 жилээр төлөвлөсөн. Харамсалтай нь коронавирусийн халдвартай холбоотойгоор төлөвлөсөн ажил маань хоёр жил цалгардаж хойшилсон. 2020 онд нэгдүгээр ангид орж буй хүүхдүүд 2032 он гэхэд Монгол улсын шилдэг тавд орох ёстой гэсэн зорилт дэвшүүлсэн. Боловсролын салбарт бодлогын түвшинд томоохон ажлуудыг төлөвлөж, зохион байгуулж байна. Ингэхийн тулд гадны төсөл хөтөлбөрт хамрагдана, хандив тусламж авна. Аймгийн Боловсрол, соёлын газрын дарга болон бусад мэргэжилтнүүдээ энэ чиглэлд нэлээн шахаж ажиллуулж өөрийнхөө дэргэд боловсрол хариуцсан орлогчийг ажиллуулж байна.

-Баян-Өлгийд халдварын нөхцөл байдал буурч байна уу. Хөл, хорио тогтоосноос хойш ямар өөрчлөлт орсон бэ?

-Манайх өдөр бүр 1000 гаруй PCR-ийн шинжилгээ авч байна. Өнгөрсөн өдрүүдэд маш том дэгдэлт болсон. Нэг өдөр 500 тохиолдол батлагдсан тохиолдол ч бий. Зарим өдөрт 280-300 хүрсэн. Ер нь 200 аас буурахгүй байна. ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр тэргүүтэй мэргэжлийн хүмүүстэй байнгын холбоотой ажиллаж байгаа. Сая ХӨСҮТ-ээс ирсэн гурван эмчтэйгээ уулзаж хуралдаад цаашид хийх ажлаа тодорхой болголоо. Тэдгээр эмч нар маань улаан бүс рүү орж байна. Үр дүнд өдөр ирэх бүрт халдварын тоо буурч байна. Өдөрт 1000 гаруй шинжилгээ авч байгаа нь хэвээрээ. Яахав хумигдаж байна. Өнгөрсөн өдрүүдэд ачаалал нэмэгдэж коронавирусийн эмнэлэгт маань ажиллах хүчин муудсан. Эмч нар маань өөрсдөө халдвар авч нөхцөл байдал хүндэрсэн. Тийм учраас ажиллах хүчгүй болсон. Хүмүүс замбараагүй, задгай тараах нөхцөл байдалтай байсан. Өөрөө халдвар тээгч мөртлөө гадуур явж найр наадам, амралт зугаалга хэссэн тохиолдол бий. Хүн их цуглаж зугаалга амралтын үе таарсан. 10 хоногийн хөл, хорио тогтоож хумиж байна. Орой 19.00 өглөөний 07.00 цаг хүртэл аймгийн төвд хөл, хөдөлгөөнийг бүрэн хумиж байгаа юм. Сүүлийн тав хоногт нэлээн жигдэрч байна.Эрүүл мэндийн салбарын ачаалал эргээд хэвийн болох шинж ажиглагдажл байна.