ОХУ-ын цэргийн сургуулилтын МиГ-29 сөнөөгч онгоц өчигдөр/2021.08.18/ осолдож, нисгэгч нь амь үрэгджээ. Онгоц Астрахан мужийн Ашулук хэмээх эзгүй газар унасан бөгөөд нислэгийн сургуулилт хийж байсан аж.
Ослын талаарх нарийн мэдээлэл одоогоор тодорхой болоогүй, Агаарын сансрын хүчний дээд командлалын комиссоос хэргийн газар шалгалт хийж байгаа талаар дотоодын хэвлэлүүд мэдээлжээ. Урьдчилсан байдлаар ослын шалтгааныг цаг агаарын эрс тэс үзэгдэлтэй холбон тайлбарлаж байна.
Ойрын өдрүүдэд ОХУ-д онгоцны осол хэд хэд бүртгэгдлээ. Хоёр хоногийн өмнө тус улсын нутаг дэвсгэрт “Ил-122В” загварын онгоц осолдож нисэх багийн гурван гишүүн амь үрэгдсэн. Мөн өнгөрсөн бямба гараг/2021.08.14/-т ойн бүсийн түймэр унтраахад туслах зорилгоор ОХУ-аас Турк руу илгээсэн “Бериев Бе-200” онгоц осолдож, найман хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан юм.
Эх сурвалж: Lenta