Хэдхэн хоногийн өмнө Афганистаны нийслэл Кабулаас хөөрсөн Америкийн нисэх хүчний онгоцноос хоёр хүн унаж нас барсан хэрэг гарсан билээ. Тус хоёр иргэнийг эх орноосоо дүрвэхийн тулд онгоцны хэсэгт нуугдсан байж болзошгүй хэмээн таамаглаж байв.
Тэгвэл амиа алдсан хоёр иргэний нэг нь 19 настай залуу хөлбөмбөгчин Заки Анвари болохыг Афганистаны эрх баригчид баталлаа. Заки Анвари Афганистаны залуучуудын шигшээ багт тоглодог байсан юм.
Афганистаны Биеийн тамир, спортын ерөнхий газар фэйсбүүк хуудсаараа дамжуулан Анварид хүндэтгэл үзүүлж “Тэр тэнгэрт амарч, гэр бүл, найз нөхөд, спортын хамт олныхоо төлөө Бурханд залбирах болтугай" гэжээ. Мөн цахим сүлжээнд маш олон хүн эмгэнэл илэрхийлж байна.
Талибууд Афганистаны нийслэл Кабул хотод нэвтэрч, Засгийн газрын ордныг эзэлсний дараа афганчууд эрх чөлөөгөө алдахаас айн, амжиж дүрвэхээр бүхий л аргыг хэрэглэж буй. Даваа гараг/2021.08.15/-т АНУ-ын нисэх хүчний онгоц ирж, өөрсдийн иргэдээ татан авах үед олон мянган афган нислэгийн зурваст бөөгнөрч, эмх замбараагүй байдал үүссэн билээ. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлж буйгаар уг нислэгийн үеэр газардах систем доголдож, аргагүйн эрхэнд ослын буулт хийхэд дугуйн бүхээг хэсгээс хүний цогцосны хэсгүүд олджээ.
Эх сурвалж: BBC