Хөрөнгийн зах зээлийн төвлөрөл их байгааг хөрвөх чадварын үзүүлэлт харуулж байна

Хөрөнгийн зах зээлийн төвлөрөл их байгааг хөрвөх чадварын үзүүлэлт харуулж байна

Үнэт цаасны зах зээлд хувьцааны хөрвөх чадварын үзүүлэлт 2021 оны хагас жилийн байдлаар ямар байсныг графикаар үзүүлж байна. Энэ үзүүлэлт нь хувьцаа хэр хэмжээгээр гар дамжин эргэлдэж байгааг илэрхийлдэг бөгөөд хоёрдогч зах зээлийн идэвхийг илтгэдэг аж.

Хувьцааны хөрвөх чадварыг зах зээлд арилжигдсан нийт хувьцааны гүйлгээний дүнг зах зээлийн үнэлгээнд харьцуулснаар гаргадаг. Нэг үгээр хэлбэл, зах зээл дээрх нийт хувьцааны хэдэн хувь нь гүйлгээнд оролцож байгааг харуулдаг. Хөрвөх чадвар өндөр байх тусам их хувьцаа арилжигдаж байгааг илтгэх тул давхар зах зээлийн төвлөрөл хэр хэмжээнд байгааг харуулдаг чухал “тоон хэмжүүр” байх нь. 

Энэ жил түүхэндээ анх удаагаа ашигтай, тэр дундаа 1.5 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байгаагийн хувьд Монголын хөрөнгийн биржийн хөрвөх чадварын үзүүлэлт 3.3% байна. Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ хагас жилийн байдлаар 3.8 их наяд төгрөгт хүрсэн нь түүхэн дээд амжилт. 2020 мөн үеэс даруй 1.3 их наяд төгрөгөөр өссөн байна. Түүнчлэн хөрвөх чадвар нь 3.3 хувьд хүрснээр 2019 оны амжилт болох 3.2 хувийг шинэчлэн тогтоосон байна. 

Жил бүрийн эхний хагасийн байдлаар

2021 оны эхний зургаан сард хувьцаа нь хамгийн их арилжигдсан таван компанийн хөрвөх чадварын үзүүлэлтийг үзэцгээе. Графикаас харахад Ард Санхүүгийн Нэгдэлийн 3 компани арилжааны идэвхи болон хөрвөх чадварын хувиараа тэргүүлж тэдний хувьцаа хоёрдогч зах зээл дээр хэр идэвхтэй арилжагддаг хувьцааны төвлөрөл маш багатай нээлттэй компани гэдгээ батлан харуулжээ. 

Хөрвөх чадвар өндөртэй байснаар мөн тухайн компанийн хувьцааг зах зээл дээрээс олж авахад илүү хялбар байдаг. Энэ оны эхний зургаан сард нийт 125 орчим тэрбум төгрөгийн гүйлгээг иргэд, хөрөнгө оруулагчид хоорондоо хийсэн нь өнгөрсөн жилийн эхний зургаан сарынхаас 6.5 дахин өссөн байгаа юм. Хэдийгээр бодит тоо хэмжээ эрс нэмэгдсэн ч МХБ хувьцааны хөрвөх чадварын үзүүлэлтийн өсөлт хангалтгүй байгаа нь анхдагч болон хоёрдогч зах зээлийн идэвхийг улам бүр сайжруулах, хувьцааны төвлөрлийг бусад томоохон компаниуд сааруулах шаардлага байсаар байгааг илтгэн харуулж байна.