Батух буюу Н.Батмягмар: Дуугаа цацчихаад “хүмүүс намайг мартчихсан байх, олигтой хандалт авахгүй байх” гэж бодож байлаа

Батух буюу Н.Батмягмар: Дуугаа цацчихаад “хүмүүс намайг мартчихсан байх, олигтой хандалт авахгүй байх” гэж бодож байлаа

“Мод”, “Найз” гэх мэт дуунуудаараа залуусыг байлдан дагуулсан дуучин Батух саяхан шинэ уран бүтээлээрээ эргэн ирсэн. Шинээр гаргасан уран бүтээл нь ч залуусын дунд хит болж, “youtube” хуудаснаа өндөр хандалт аваад буй. Олон хүн түүний дуунуудыг сонсдог ч Батух  буюу Н.Батмягмар гэж хувь хүн хэн болох талаар төдийлөн мэддэггүй. Тэгвэл бид энэ удаагийн ярилцлагын зочноороо түүнийг онцолж байна.

СОНСОХ:

-АНХ ГЭРИЙНХЭЭ ЖИЖИГ ӨРӨӨНД СТУДИЙН ХЭДЭН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖТЭЙ Л ЭХЭЛЖ БАЙЛАА-

-2012 онд “Мод”, “Найз” гэх мэт таны дуунууд залуучуудын дунд хит болж, байлдан дагуулж байсан шүү дээ. Үүнээс хойш нэлээдгүй хугацаанд завсарлага авсны эцэст саяхан цоо шинэ уран бүтээлээрээ эргэн ирлээ. Завсарлага авах хугацаанд Батух юу хийж байсныг хүмүүс их сонирхож байгаа болов уу?

-2015 оноос хойш бараг зургаан жил уран бүтээлээсээ завсарлага авлаа. Энэ хугацаанд гэр бүл зохиож, хувийн ажлаа нэлээдгүй зохицуулсан гэж хэлж болно. Мөн хэд хэдэн хамтлаг дуучны уран бүтээлийн хөгжмийн найруулга дээр ажиллаж, тун завгүй байлаа. Зургаан жилийн хугацаанд өөрийнхөө хувийн уран бүтээлийг орхигдуулчихсан байсан гэж хэлж болно.

-Тэгвэл Батухыг уран бүтээл рүү буцаж оруулахад юу нөлөөлөв?

-Ер нь 2020 он гараад уран бүтээлээ эргээд хийж эхэлнэ гэсэн бодолтой байсан. Гэтэл цар тахал гарч, нэлээдгүй хугацаанд гэрээсээ ажилласан. Энэ хугацааг ашиглаж, уран бүтээл рүүгээ бүрэн төвлөрч эхэлсэн дээ.

-Зургаан жил гэдэг урт хугацаа шүү дээ. Эргээд уран бүтээлээ хийж эхлэхэд ямар мэдрэмж төрж байна?

-Үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мэдрэмж. Зургаан жилийн хугацаанд янз бүрийн хүмүүсийн, төрөл бүрийн жанрын уран бүтээл дээр ажилласаар байгаад нэг л хэвийн горимд орчихсон, залхчихсан байсан. Нэг ёсондоо өөрийнхөө уран бүтээлээр ангаад, цангачихсан байсан гэж хэлж болно.

-Шинээр гаргасан дуу тань арай өөр жанрынх юм шиг санагдсан?

-Миний уран бүтээлүүд анх “комершиал” жанр гэж тодорхойлогддог байсан. Одоо үүгээрээ дахин дуу хийвэл яах бол, хүмүүст хүрэх болов уу, эсвэл орчин үеийн трап урсгалаар хийх үү гэж нэлээн бодсон. Гэхдээ орон зай байхгүй юм шиг санагдсан. Шинэ зүйл гэдэг нэг бол хэний ч санаанд ороогүй тэр зүйл, эсвэл хуучин хувилбарыг сайжруулан дахин гаргаж ирэхийг хэлдэг шүү дээ.

Ингээд 70,80 оны синт, ретро урсгалын дуунуудыг сонсож байгаад оролдоод үзье гэсэн бодол төрж, “Од” дуугаа эхлүүлсэн дээ.

-Н.Батмягмар гэдэг хүн яагаад урлагийн замыг сонгосон юм бэ. Магадгүй хэн нэгэн нөлөөлөв үү?

-Арван жилд байхаасаа л  дууны инженер, хөгжмийн найруулгын талд нэлээдгүй сонирхолтой хүүхэд байсан. Тухайн үед хамаатны ах маань дуучдын уран бүтээл дээр ажилладаг, хөгжмийг нь хийдэг байсан юм. Тэр ахаасаа маш их мотиваци, урам зориг  авсан гэх үү дээ. Яг л ах шигээ хөгжим хийдэг хүн болох юмсан гэж мөрөөддөг байлаа. Сургуулиа төгсөөд өөрийн гэсэн уран бүтээлтэй болох юмсан гэж их боддог байсан. Анх гэрийнхээ жижиг өрөөнд студийн хэдэн тоног төхөөрөмжтэй эхэлж байсан. Тухайн үед хэн ч намайг танихгүй учраас хөгжмөө хийлгэхгүй шүү дээ. Ингээд л өөрөө өөртөө зориулж дуу хийж эхэлсэн.

-“ОД” БОЛ ХАЙРЫН ТУХАЙ БИШ, МИНИЙ МӨРӨӨДЛИЙН ТУХАЙ ДУУ -

-Анхны уран бүтээл “Найз” гэдэг дуу залуучуудыг байлдан дагуулж чадсан шүү дээ. Одоо ч хүмүүсийн дуртай дуу хэвээрээ гэдэгт эргэлзэхгүй байна. Анхны уран бүтээл ингэж их хүмүүст хүрнэ гэж төсөөлж байсан уу?

-Дотроо маш их мөрөөддөг байсан. Хүмүүс дууг минь сонсоод дагаж дуулж байна, маш олон фентэй болчихсон байна гэж. Тэр бодол маань их нөлөөлсөн гэж боддог. Бодол хүчтэй гэдэг шүү дээ.

-Та дууныхаа үг, ая, хөгжим гээд бүх зүйлийг өөрөө хариуцаж хийдэг. Нэг талаараа ганцаараа ажиллах амар юм шиг. Эсвэл эсрэгээрээ байдаг уу?

-“Артист” гэдэг өөрөө уран бүтээлийнхээ үг, ая, хөгжим гээд клипнээс бусад бүх зүйлийг хариуцаж хийдэг хүнийг хэлдэг. Энэ утгаараа надад олон хүнтэй харьцсанаас илүү амар байдаг.

-Уран бүтээлийн санаагаа хэрхэн олдог вэ. Зарим уран бүтээлчдэд санаа олох маш хүнд даваа бол заримд нь эсрэгээрээ байдаг. Таны хувьд?

-Маш их бодож, удаан хугацаанд хийдэг уран бүтээл гэж байна. Эсвэл шууд л санаа орж ирээд богино хугацаанд “босдог” уран бүтээл бий. Санаагаа олохын тулд кино үзнэ, гадуур алхана. Мөн тухайн үеийн сэтгэл хөдлөл, мэдрэмж их нөлөөлдөг. “Найз” гэдэг дууны санаа яг л миний мэдрэмжээс төрсөн. Тухайн үед найздаа маш их гомдож байсан юм/инээв/.

“Од”-ыг би маш их бодож хийсэн. Яг үнэндээ “Од” хайрын тухай дуу биш. “Үнсэлт үлдээсэн тэр дээр үедээ үлдэхсэн, чиний нөгөө тал чинь болж зүрхээ зүсэхсэн...” гэхээр хүмүүс хайрын тухай дуу л гэж ойлгох байх. Гэхдээ “Од” бол мөрөөдлийн тухай дуу.  

Гурав, дөрвөн жилийн өмнөөс л энэ дууны санаа толгой дотор “яваад” л байсан. Мөрөөдлийн тухай дуу гэхээр заавал би ингэмээр байна, би ийм зүйл хүсэж байна, би мөрөөдлөө биелүүлмээр байна гэх албагүй шүү дээ. Орчин үеийн залуус хайрын тухай дууг их сонсдог болсон. Тиймээс яагаад далд утга санаагаар мөрөөдлийг илэрхийлж болохгүй гэж бодсон юм. “Чамайг санана даа, санана даа...” гэдэг хэсэг нь дурсамжаа үгүйлж, санаж байгаа, “үнсэлт үлдээсэн тэр дээр үедээ үлдэхсэн...”гэдэг хэсэг нь хүүхэд насныхаа асаж байсан тэр сайхан дурсамж руугаа эргээд очихсон гэсэн санааг илэрхийлсэн юм.

-Дуугаа яг хийж эхлэх процесс хэр хугацаанд үргэлжилсэн бэ?

-Нэг сарын хугацаанд хийж дууссан. Хийж байх явцдаа өдөрт дор хаяж арван удаа дуугаа сонсоно. Өөр бараг дуу сонсоогүй байх. Хүүхэд маань хүртэл үгийг нь цээжилчихсэн байсан шүү/инээв/.

-“Од” дууны клип их өвөрмөц санагдсан?

-Анх би өөрөө клипэндээ тоглоно гэж төлөвлөсөн байсан юм. Гэтэл хатуу хөл хорио тогтоочихсон. Тэгээд л виртуал, 3D анимешин байдлаар клипжүүлэхээр болсон. Ямар үйл явдал, зохиолтой байх вэ гэж нэлээд бодсон. Гэтэл нэг өдөр сэтгэцийн эмнэлэгтэй кино үзэж таараад, санаа авсан. Гэхдээ 3D хэлбэрээр хийж байгаа юм чинь Монголынхоо орчинг шингээж, хөл хорионы байдлыг ч харуулъя гэж бодсон. Анзаарсан бол клип дээр маск гардаг.  

-Нэрний тухайд. Магадгүй дуундаа “Од”, “Найз”, “Мод” гэх мэт богино нэр өгдөг нь Батухын онцлог уу?

-Дуугаараа мөрөөдлийн тухай илэрхийлэхийг зорьсон гэж хэлсэн шүү дээ. Ний нуугүй ярихад мөрөөдлийн цаана тодорхой хэмжээний амбиц байх ёстой. Би “од” болох ёстой, “од” болмоор байна гэсэн утгаар ийм нэр өгсөн. Дуучид яах гэж дуулдаг юм, жүжигчид яах гэж кинонд тоглодог юм. Мэдээж дуртай, хайртай болохоороо хийж байгаа ч цаана нь олны танил болъё гэсэн тодорхой хэмжээний амбиц байгаа шүү дээ. Үүнтэй л адил.

-УРАН БҮТЭЭЛ ЭХЛЭХЭЭС ДУУСАХ ЦЭГ ХҮРТЭЛ САЙХАН МЭДРЭМЖ АВДАГ. ӨӨРИЙН УРАН БҮТЭЭЛЭЭ ӨӨРӨӨ ГАРДАЖ ХИЙХ НЬ АЗ ЖАРГАЛ ШҮҮ ДЭЭ-

-“Од” дуу гарснаас хойш олон залуус “ковер”-лож/cover/ дуулах боллоо. Зарим нь яг л байгаагаар нь, зарим нь тэс ондоо хэмнэлтэй болгож өөрчилж дуулж байна?

-“Youtube” дээр дуугаа цацчихаад “хүмүүс ч бараг намайг мартчихсан байх, олигтой хандалт авахгүй дээ” гэж бодсон.  Эхний долоон хоног бараг өдөр бүр л “youtube”-руу орж хандалтаа шалгасан шүү /инээв/.  Гэтэл хоёр долоо хоногийн дараагаас хандалт нь огцом өсөж, хүмүүс ч “ковер” хийж эхэлсэн. Залуучууд өөрсдийнхөө стилд оруулж, янз бүрээр өөрчилж дуулсан байсан. Бүгд сэтгэлд хүрсэн дээ. 

-Таны яриаг сонсоход уран бүтээл хийж байх үедээ дандаа “асаж”, эрч хүчтэй байдаг юм шиг санагдлаа. Гэхдээ уран бүтээл хийх явцад “унтрах” үе гардаг байх?

-Байлгүй яахав. Миний компьютер дээр 50,60 гаруй “прожект”-ууд хадгалаатай байдаг. Зөвхөн ганц дуу хийхийн тулд 40, 50 удаа оролдож үзсэн гэсэн үг. Тэр болгон дээр “унтарсан”. Дандаа асаж, эрч хүчтэй байна гэж байхгүй. Яаж хийх вэ гэж бодсоор байгаад хамгийн шилдэг гэсэн хувилбараа цацдаг. Харин бүр шантраад больё гэж бодож байсан удаа байхгүй.  

-Таныг багш гэдгийг тийм ч олон хүн мэдэхгүй байх. “Шинэ Монгол” сургуульд хэзээнээс ажиллаж байна вэ. Багш болсон түүхээсээ хуваалцаач?

-Би “Шинэ Монгол” сургуульд 2016 оноос хойш хөгжмийн багшаар ажиллаж байна. Анх цахилгаан хөгжмийн дугуйлангийн цагийн багшаар орж байлаа. Үүнээс өмнө сургуультайгаа хамтарч ажилладаг байсан юм. Цагийн багшаар орсон жилдээ хөгжмийн үндсэн багш болсон.

Хүүхдүүдтэй ажиллахын тулд өөрөө яг л хүүхэд шиг байх шаардлагатай болдог. Нас насанд нь тааруулж, тухайлбал 12, 13 насныхан юу сонирхож байна, юу мөрөөдөж байгааг нь ойлгож, үеийнх нь юм шиг байхыг хичээдэг.  Энэ утгаараа миний уран бүтээлд илүү залуу сэтгэлээ шингэдэг байх.

-Гэр бүлийнхээ талаар ярьж болох уу?

-Эхнэрийг маань Заяа гэдэг. Эхнэр бид хоёр зургаан насны зөрүүтэй. Том охин маань таван настай, бага хүү маань нэг сартай. Охин маань гуравдугаар сарын 8-нд буюу Мартын 8-нд төрсөн. Харин хүү маань шинэ жилийн өдөр буюу 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн. Үүнийг бахархаж ярих их дуртай/инээв/.

-“Уран бүтээл” хийхэд авдаг хамгийн гоё мэдрэмж. Юу таныг хөглөдөг вэ?

-Би студийн талын хүн учраас дуугаралтыг маш анхаарч хийдэг. Гоё дуугаргачих юмсан, хүмүүсийн чихэнд наалдацтай сонсгочих юмсан гэж хичээдэг. Хоёрдугаарт, үгийн санаа. Үгээр яаж философийг илэрхийлэх үү, далд утгаар хүмүүст яаж ойлгуулах уу гэж их боддог. Энэ мэт уран бүтээл хийж байх явцад мэдрэмж маань дээд цэгтээ тулдаг. Уран бүтээл эхлэхээс дуусах цэг хүртэл сайхан мэдрэмж авдаг. Өөрийнхөө уран бүтээлийг өөрөө хийнэ гэдэг аз жаргал шүү дээ.

-Чанартай уран бүтээл гаргах тусам дараагийн хүлээлт өндөр байдаг. Танд энэ нь дарамт болдог уу?

-Тийм. Цол дагаж бяр гэдэг үг байдаг шүү дээ. Дараагийн дуугаа өмнөхөөсөө “сулруулж” болохгүй гэж боддог. Өөрөө өөрөөсөө 10 оноо авсан дуугаа л цацдаг. Санаанд хүрэхгүй бол цацдаггүй, хэчнээн удаан хугацаа өнгөрсөн ч хамаагүй ажиллаад л байдаг.

-Батухын цаашдын төлөвлөгөө юу вэ?

-Цаашид би уран бүтээлээ зогсоохгүй. Төлөвлөснийхөө дагуу дуугаа гаргана. Дөнгөж өчигдөрхөн шинэ уран бүтээл эхлүүлчхээд сууж байна. Мөн нэг нууц задруулахад би “Модод” гэдэг уран бүтээл дээр бас ажиллаж байгаа. Анхны уран бүтээлүүдийн нэг болох “Мод”, сая гаргасан “Од” хоёрын нэрийг нийлүүлж өгсөн юм.

-Ярилцлагаа өндөрлөх тийш нь хандуулъя. Таны уран бүтээлийг эхнээс нь одоог хүртэл сонсож буй, таныг дэмждэг хүмүүст хандаж юу гэж хэлмээр байна?

-Энэ завшааныг ашиглаад байнга миний уран бүтээлийг сонсдог,  “youtube” дээр сэтгэгдэл үлдээн дэмждэг бүх хүнд баярлалаа гэж хэлмээр байна. Цаашид ч намайг дэмжээрэй. Дуу болгоноороо та бүхэнд сайхан мэдрэмж өгөх болно гэж амлаж байна.

ДУУ СОНСОХ: