Чеченийн удирдагч Рамзан Кадыровын ууган хүү 17 настай Адам Кадыров өнгөрсөн долоо хоногт Грозный хотод тансаг хурим хийж, улс төр, урлаг, бизнесийн элитүүдийг цуглуулсан үйл явдал болжээ. Харин хуримын ёслолд зүүсэн түүний бугуйн цаг нь олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татсан сэдэв болоод байна.
Олон улсын хэвлэлүүдийн мэдээлснээр, Адам Кадыров хуримандаа Jacob & Co. Billionaire ASHOKA гэдэг нэртэй хэд хэдэн сая доллароор үнэлэгдэх ховор загварын бугуйн цаг зүүж ирсэн бөгөөд уг загвар нь олон улсын үнэт эдлэлийн зах зээл дээр 27.7 сая ам.долларын ханштайгаар үнэлэгддэг гэнэ.
Мөн түүний өмссөн хослол, хуримын ёслолын унаа, зочдын тоо, мөн хүрэлцэн ирсэн алдартнууд зэргээс харахад энэ хурим Чечен болон Оросын хэмжээнд улс төрийн болон нийгмийн “шоу” болж хувирсан тухай ажиглагчид дүгнэж байна.
ОХУ-ын сөрөг хүчний хэвлэлүүд, “Энэ бол жирийн нэгэн гэр бүлийн баяр биш, харин Чеченийн эрх мэдэл, хөрөнгө, нөлөөний илэрхийлэл юм” гэж дүгнэжээ.
Адам Кадыровын хуримын ёслолыг Грозный хотын төвд байрлах шинэ орд харшид зохион байгуулсан бөгөөд зочид дунд оросын улс төрчид, цэргийн удирдлагууд, исламын шашны төлөөлөгчид багтсан байжээ.
Адам Кадыровын нэр анх 2023 онд өөрийн гараар сэжигтэн нэгнийг зодсон бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсанаар олны танил болсон. Үүнээс хойш түүнийг Рамзан Кадыров улс төрийн залгамжлагчаар бэлтгэж байгаа тухай мэдээлэл гарах болсон юм. Тансаг хуримтай зэрэгцэн олон улсын шинжээчид болон хүний эрхийн байгууллагууд Чечен дэх эрх мэдэл, хөрөнгийн төвлөрөл, нийгмийн ялгааны талаар шүүмжлэлтэй байр суурь илэрхийлж байна.
Эх сурвалж: BBC