С.Чулуун гадуур байцаагдаж буй тул "Чингис хаан"-ы музейд болсон арга хэмжээнд оролцжээ

С.Чулуун гадуур байцаагдаж буй тул "Чингис хаан"-ы музейд болсон арга хэмжээнд оролцжээ

ЭЦА-наас Чингис хааны музейн захирал С.Чулууныг өнгөрсөн баасан гаригт /2021.11.4/ баривчилж мэдүүлэг авсан. Түүнээс мэдүүлэг аваад сулласан бөгөөд гадуур шалгахаар болжээ. Тиймээс ч тэрбээр өчигдөр /2021.11.05/ Чингис хаан музейд болсон нэгэн арга хэмжээнд оролцжээ. 

Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.3 дугаар зүйлд заасан Соёлын биет өвийг завших, үрэгдүүлсэн асуудлаар шалгаж байгаа гэх эх сурвалжийн мэдээлэл байна. С.Чулууныг Соёлын сайдаар томилогдохоос эхлээд түүхийн баримт бичгийг гаднын улсад өгсөн гэх зэрэг мэдээллүүд гарах болсон.

Тэгвэл ийн баривчлан шалгаж буй нь Чингис хааны алтан зоосыг бусдад худалдахыг завдсантай холбоотой гэж эх сурвалж мэдээллээ.

Мөн ЭЦА-ныхан С.Чулууны гэрээс түүхийн олдворуудыг хураан авчээ. Хууль, журмын дагуу түүний гэрт түүхийн олдворууд байх ёсгүй юм. C.Чулуун нь Ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байгаад 2020 оны наадмын өмнөхөн Соёлын сайдаар томилогдсон. Түүхч мэргэжилтэй тэрбээр ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн, Түүх, археологийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байхдаа соёлын өвийг хятадуудад худалдсан гэх хэрэг мэдээлэл байдаг.

С.Чулууныг сайдаар томилогдоход Монголын түүхийн томоохон эрдэмтэд эсэргүүцэж гарын үсгээ зурсан шаардлагыг Ерөнхий сайдад У.Хүрэлсүхэд хүргүүлж байв.

Түүхчид Ерөнхий сайдад хаягласан шаардлагадаа “...С.Чулуун нь Монгол Улсын үндэсний төв архивт хадгалагдаж буй Манж Чин улсын үеийн Хүрээ сайдын 640.000 хуудас бүхий баримтыг харилцан солилцох нэрийдлээр БНХАУ-ын талд хуулбарлаж өгсөн. Ингэхдээ баримтуудад анхан шатны боловсруулалт хийгдээгүй зэрэг нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд ноцтой нөлөөлөх олон чухал баримт багтсан. Мөн С.Чулуун нь хуурамч бүтээлийн жагсаалт бүрдүүлэн ШУА-ийн академич хэргэмийг залилан мэхлэх замаар хүртсэн. Түүнчлэн С.Чулуун нь ном бүтээл гаргасан эрдэмтдийн амь насанд заналхийлж дарамт шахалт үзүүлж байсан” хэмээн баримтууд хавсарган илгээж байсан юм.

Энэхүү гэрээгээр Монгол Улсын Үндэсний Төв архивт хадгалагдаж буй 1725-1911 оныг хүртэлх 200 орчим жилийг хамрах “Хүрээ сайдын хөмрөг”-ийн асар их архивын материалыг өнгөтөөр сканердаж, үнэгүй шилжүүлсэн аж. Ийм мэдээлэл тухайн үеийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан. Уг гэрээнд Монголын талаас С.Чулуун, бас тухайн үед Архивын ерөнхий газрын дарга Д.Өлзийбаатар нар гарын үсэг зурсан байна. Гэрээгээр Улсын архивын сан хөмрөг дэх Хүрээ сайдын баримтын бүх дансыг буюу 640 мянган нүүр бүхий 2 489 нэгж баримтыг Хятадын талд өгч, 500 нүүр бүхий 1 280 орчим боть ном болгож хэвлэхээр төлөвлөжээ. Үүнийг мэргэжлийн эрдэмтэн судлаачид эсэргүүцэж шаардлага хүргүүлсэн байдаг. Гэвч тэдний хүсэлтийн мөрөөр С.Чулууныг шалгаж уг асуудлыг шийдвэрлэсэн удаагүй. Тэгэхээр түүний хятадуудад худалдсан гэх "Хүрээ сайдын хөмрөг"-ийг худалдсан гэх асуудал ч энэ удаа сөхөгдөх бололтой.