Засгийн газар нь МЭЕГ-ын өгсөн мэдээлэлд итгэн вакцинд төсөвлөгдсөн 5.9 тэрбумыг хассанаас болж Монгол улс бүхэлдээ малын өвчинд нэрвэгдэв

Засгийн газар нь МЭЕГ-ын өгсөн мэдээлэлд итгэн вакцинд төсөвлөгдсөн 5.9 тэрбумыг хассанаас болж Монгол улс бүхэлдээ малын өвчинд нэрвэгдэв

-З.МЭНДСАЙХАН: ЗАСГИЙН ГАЗАРТ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ ХАЛДВАРТ ӨВЧНИЙГ НУУЖ ИРСЭН МЭЕГ –ЫНХАНД ХАРИУЦЛАГА ТООЦНО-

Өнөөдрийн байдлаар Дархан, Сэлэнгэ, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Архангай, Завхан зэрэг ихэнх аймагт малын гоц халдварт өвчин гараад байна. Сүүлийн жилүүдэд малын өвчний тохиолдол ховор бүртгэгдэж, ганц нэгээр гарсан даруйд арга хэмжээ авч байлаа. Гэтэл энэ онд тархалт нэмэгдэж, ганц шүлхий гэлтгүй цэцэг, мялзан, арьс товруудах зэрэг олон төрлийн өвчин дэлгэрч нөхцөл байдал хүндэрч салбарынхныг сандаргаж буй нь учир шалтгаантай аж.

Тодруулбал, өнгөрсөн жилийн төсвийн тодотголоор мал эмнэлгийн сангийн 5.9 тэрбум төгрөгийг хассан байна. Үүнээс шалтгаалан вакцинаа төлөвлөсөн хэмжээндээ татан авч чадаагүйгээс болж ийнхүү мал ихээр өвдөж байгаа аж. Өөрөөр хэлбэл, вакцин хийлгээгүй мал өвдсөн гэсэн үг. 

Үүнийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан байнгын хорооны хуралдааны үеэр мэдэгдсэн. Ингээд малын элдэв өвчин газар авч асуудал бишдээд ирэхээр Засгийн газрын нөөц сангаас 2.9 тэрбумыг шийдвэрлэжээ. Тус 2.9 тэрбумаар авсан вакцин нь энэ сарын 29-нд Монгол руу ачигдах бөгөөд 10 гаруй хоног тээвэрлэгдээд ирэх юм байна.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн хэлж буйгаар 1964 оных шиг улсаараа малын гоц халдварт өвчинд нэрвэгдсэн байх магадлалтай гэнэ. Халдварт өвчин маш хурдтай тархаж буй бөгөөд долоо хоногийн дотор сумаас суманд, аймгаас аймагт халдварлаж буй аж. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Сүхбаатар аймагт малын халдварт өвчин бүртгэгдсэнээс хойшхи зургаахан сарын хугацаанд улс орноороо малын өвчинд дарагдсаныг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан УИХ дээр хүлээн зөвшөөрлөө.  Үүнд хэн буруутай вэ. Алдаа хаанаа гарав. Асуудлыг яаж шийдэх вэ.  Хүнс, хөдөө аж ахуйн сайд З.Мэндсайханы хэлж буйгаар Мал эмнэлгийн ерөнхий газраас худал мэдээллээр Засгийн газрыг хангаж ирсэн. Тухайлбал, өнгөрсөн хоёр жил малын ямар нэгэн халдварт өвчин гараагүй гэж Засгийн газарт мэдээлэл өгч байсан. Үүнд нь Засгийн газар итгээд вакцины 5.9 тэрбумыг нь төсвийн тодотголоор хассан байна. Хассаны дараа өвчин дэгдэж, хяналтаас гарангуут Мал эмнэлгийнхнийг худал мэдээлэл өгч ирснийг мэдсэн аж.

Үүнийг З.Мэндсайхан сайд ч хүлээн зөвшөөрч  худлаа ярьж явдаг Мал эмнэлгийн ерөнхий газрын удирдлагадаа хариуцлага тооцохоо мэдэгдээд байна. 

-МАЛ ЭМНЭЛГИЙНХНИЙ ХАРИУЦЛАГАГҮЙГЭЭС БОЛ МАХНЫ ЭКСПОРТ ЗОГСОЖ МОНГОЛЧУУД ӨВЧТЭЙ МАЛЫН МАХ ИДЭХ ЭРСДЭЛТЭЙ НҮҮР ТУЛАВ-

Мал эмнэлгийн ерөнхий газрын үндсэн үүрэг нь малыг эрүүлжүүлэх. Тэгэхээр энэ үүргээ биелүүлээгүйн дээр халдварт өвчнийг ил мэдээлэлгүй нууж асуудлыг хүндрүүлсэн байна. Угтаа бол халдварт өвчин гарсан даруйд арга хэмжээ авч халдварыг хумих ажлыг хийх ёстой. Цаашлаад аймаг, сумдын удирдлагыг мэргэжлийн удирдлага, мэдээллээр хангаж, хэрхэн яаж ажиллах заавар зөвлөмжийг өгөх  үүрэгтэй. Гэтэл Мал эмнэлгийн ерөнхий газар нь энэхүү ажлаа хийж чадаагүйн дээр бүх суман дахь салбартай, том бүтэцтэй 1260 ажилтантай байгаагийнхаа “хэргийг” гаргаж чадахгүй байна. Малын эрүүл мэндийн тухай хуулийг 2017 онд баталсан. Хуулийн хэрэгжилт “тэг” байгааг УИХ-ын гишүүд хэлж буй. Тэгэхээр ажлаа хийж чаддаггүй, асуудлыг байнга араасаа дагуулдаг Мал эмнэлгийн ерөнхий газрын бүтцээ нэгэнт шинэчлэх цаг болсон гэдгийг энэ үйл явдал харуулж байна.

Дашрамд дуулгахад, Мал эмнэлгийн ерөнхий газрын зарим удирдлагууд мялзан өвчний вакциныг Энэтхэгээс хэт өндөр үнээр нийлүүлж дундаас нь мөнгө завшсан хэргээр одоо ч АТГ-т шалгагдаж буй билээ.

ДҮГНЭЛТ: Энэ асуудлаар Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга хариуцлага хүлээгээд халагдах огтоос сонин биш. Харин тэдний хариуцлагагүйгээс болж манай улс мал, мах хөдөө аж, ахуйн бүтээгдэхүүнээ экспортлож мөнгө олж чадахгүй ихээхэн хэмжээний алдагдалд орж байна.

Экспортын бодлого алдагдлаа. Угтаа бол өвчнийг тооцоолж бодлогоо гаргадаг.

Цаашлаад монголчууд бид эрүүл биш өвчтэй малын мах идэх эрсдэлд орлоо.

Энэ сарын 01-ны өдрийн байдлаар шүлхий өвчин 16 аймгийн 76 сум 120 голомт, цэцэг өвчин гурван аймгийн дөрвөн сум, богийн мялзан зургаан аймаг 18 су, 36 голомт, бодын арьс турвуутах таван аймгийн 19 сум 59 голомтод бүртгэгджээ. Зөвхөн энэ тоо биднийг эрүүл мах идэж буй эсэхийг илэрхийлнэ.

ВИДЕО: