"Талын түмэн адуу"-ны баяр болно

"Талын түмэн адуу"-ны баяр болно

Энэ арван нэгдүгээр сарын 19-21-ны өдрүүдэд дотоодын аялал жуулчлалыг идэвхжүүлэх, монгол өв соёлыг сурталчлах, тусгай сонирхлын аяллыг хөгжүүлэх зорилгоор “Талын түмэн адуу” уламжлалт үйл ажиллагааг Хэнтий аймгийн Батноров суманд зохион байгуулахаар болжээ.

Энэ удаагийн онцлог нь орчин үеийн хэв маягтай хослон зохиогдох бөгөөд өвлийн хамгийн том эвент болно гэдгээрээ өвөрмөц аж. Мөн малчдын автомашины хэрэглээ ихэссэнтэй холбоотойгоор өв уламжлалаа сэргээх, Монгол адууны ашиг тусыг таниулах, өв соёлоо өвлөхөд уриалах зорилготой эвент гэжээ. 

Үүгээр ч зогсохгүй, орон нутаг бүрийн шилмэл адуучдын зорин ирж хийморио сэргээх талбар болсон "Талын түмэн адуу" эвентээс иргэд адуучдын ур чадвар, хүлэг морьтойгоо хослон ажиллах авхаалж самбаа, эд хавыг дэргэдээс нь харж, хамтдаа салхи татуулан давхих боломжтой. Мөн алдагдаж буй өв соёл, түүхэн үзмэрүүдтэй ч танилцах юм.

Энэ жилийн хувьд зохион байгуулагчдын зүгээс үзэгчдийн оролцоог ихэсгэж, хөтөлбөрөө баяжуулжээ. Тал нутгийн адууны соёлыг бага наснаас нь мэдрүүлэх зорилгоор  эмээл, хазаартай морь унан, үндэсний хувцсаараа гоёж ирсэн эхний 30 хүүхдийг бэлгээр шагнаж, урамшуулах бөгөөд иргэд өөрсдөд нь удам дамжсан эмээл, хазаар, ташуур байдаг бол эвентэд оролцуулах боломжтой юм.  Хийморь сэргээх түмэн адууны тоос, сүр хүчинд өвөг дээдсийнхээ эдийг аваачин утга учрыг нь гаргаж болно. Мөн хөтөлбөрт Хубилай хааны үеэс төв Азид дэлгэрсэн тайга нохдоор ан хийх уламжлалыг таниулах тайга нохдын хийц шалгаруулах тэмцээн тус тус багтжээ. Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү. 

 

 




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө