Э.Энхчимэг: Хоолойноосоо болж хүмүүст их л магтуулж, их л хараалгуулсан. Гэхдээ сэтгэлээр унаагүй

Э.Энхчимэг: Хоолойноосоо болж хүмүүст их л магтуулж, их л хараалгуулсан. Гэхдээ сэтгэлээр унаагүй

Өөрийн содон өнгө төрх, дуу хоолойгоороо бусдад танигдаж, олон нийтийн сүлжээнд нэлээдгүй хандалтыг авсан Э.Энхчимэг буюу Энкүүлээтэй уулзаж ярилцлаа. Тэрбээр өөрийнхөөрөө, чөлөөтэй нэгэн ба хүмүүсийн сөрөг сэтгэгдлийг тэр бүр хүлээж авахгүйг хичээдэг талаараа онцолж байв.

ҮЗЭХ:

-Сайн байна уу? Та үзэгч, уншигчдадаа өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байцгаана уу. Намайг Энхболд овогтой Энхчимэг гэдэг. Одоогоор ИЗОУИС-ийн Хууль зүйн сургуульд Эрх зүйч мэргэжлээр суралцаж байгаа. Одоо нэгдүгээр курс.

-Хэзээнээс “cover” хийж эхэлсэн бэ?

-Хамгийн анхны бичлэгээ 2019 оны арваннэгдүгээр сарын 02-ны өдөр ТикТок-д байршуулсан байдаг юм. Би багаасаа тийм гоё дуулдаг байгаагүй ээ. Хэдэн жилийн өмнөөс дуулж бас хөгжим тоглож сурах гээд анх одоогийн ажиллаж байгаа “Goodsoil” гээд байгууллагад ирж, “basking” гээд үйл ажиллагаанд оролцож явдаг болсноор ийнхүү ажиллах замнал эхэлсэн байдаг. Эндээ сургалтын багш болоод худалдааны зөвлөхөөр ажилладаг.

-Чиний хувьд “Тайл” гэдэг дууг “cover” хийж байсан түүгээрээ нэлээдгүй хандалт авсан шүү дээ? Тэр бичлэгийн талаар дурдахгүй юу?

-Миний хувьд тэр бичлэгийг анх өөрөө оруулчхаад л унтчихсан байсан. Тэгсэн маргаашаас нь хандалт аваад л энэ тэнд баахан “Энкүүлээ” гэхээр гарч ирээд байсан. Манай ажлын эгч харуулаад л мэдсэн. Манай ажлын захирлууд Энкүүлээгийн бичлэгийг манайх оруулаагүй байхад бусад нь оруулчихсан хандалт аваад байна аа гээд анх ажлын пэйж хуудас дээр оруулж байлаа. Ер нь миний бичлэг манай пэйжид л хамгийн их хандалттай нь явж байгаа. /инээв/

-Цаашдаа өөрийгөө яаж, хэрхэн хөгжүүлье гэж боддог вэ? урлаг талаар явах хир сонирхолтой байна?

-Би урлагийн тогоонд "чанагдахгүй" гэж боддог л доо. Урлаг ер нь хатуу шүү дээ. Ялангуяа эмэгтэй хүнд. Тийм болохоор шийдчихсэн. Миний хувьд нэг шинэ жилийн "халтуур" хийгээд л мэдэрсэн. Тэрнээс хойш цэвэр урлагаар явна гэвэл хэцүү л санагдсан. Гэхдээ шийдчихсэн гээд сүүлд нь дуучин болоод гараад ирчихвэл энэ охин чинь одоо хэлсэн ярьсан даа байдаггүй юм байна гээд унаахвий дээ. /инээв/

-Ямар хамтлаг, уран бүтээлчдээс урам зориг авч дэмждэг вэ?

-Монголоос бол “Мотив”-ийн улаан фэн шүү дээ. “Goodboys” гээд хамтлагууд байна. Гадаад гэвэл “One direction” к-поп-оос бол BTS.

-Таны “cover” хийсэн бичлэгийн доор олон хүмүүс найз залуутай эсэхийг их сонирхсон байсан?

-Харин тийм. Харсан л даа. Асуугаад байгаа хүмүүст хандаж хэлэхэд найз залуу байхгүй ээ. Би ер нь өөртөө арчаатай, өөртөө хайртай эрэгтэй хүнд дуртай. Өөрийгөө болон ээж, эгч, дүүгээ халамжилж, хайрлаж, энхрийлж байгаа хүн л бусдын хүнийг хайрлаж, энхрийлнэ шүү дээ. Тийм болохоор тэр том шалгуур гэж боддог. Зангарагтай эр хүн сонирхдог доо. /инээв/

-Их содон хоолойтой шүү дээ. Хамтран ажиллах санал хэр их ирэв? Уралдаан тэмцээнд оролцож, байр эзэлж байв уу?

-Харин хоолойноос болж хүмүүст их л магтуулж, их л хараалгуулсан даа. Гэхдээ сэтгэлээр унаагүй. Хамтран ажиллах хэд хэдэн санал ирсэн. Хамтарч дуулаад өг, хөтлөөд өг гээд л. Би тэгэхээр ичээд байдаг юм. Тэгээд их бодож үзсэний эцэст татгалзсан даа. Уралдаан тэмцээн гэвэл шагналын санг нь харж байгаад л орчихдог. Монгол хүний зан байна даа /инээв/

-Ам бүл хэдүүлээ вэ? Гэр бүлээс нь дуулдаг, урлагийн хүн байгаа юу?

-Ам бүл дөрвүүлээ. Аав, ээж, ах, тэгээд би. Айлын бага хэдий ч том шиг л байдаг юм. Гэрийнхнээс дуулдаг хүн байхгүй ээ.

-Сүүлд нь үзэгчдэдээ хандаж үг хэлэхгүй юу?

-Намайг харааж, шүүмжилсэн хүмүүстээ л хандаж үг хэлмээр байна /инээв/ Тэр бичлэгийн доор сэтгэгдлүүдийг ээж харчхаад хямраад байдаг юм л даа. Би ч яахав. Намайг муухай үгтэй дуугаар “cover” хийсэн юм. Зангиа тайл майл гээд. Над руу үүнээс болоод муухай муухай үгтэй юм бичээд “зангиа тайлах уу майлах уу” гээд байгаа бас энэ одоо ямар сонин дуулдаг юм гэж бичдэг хүмүүст хандаж хэлэхэд, ЗҮГЭЭР ЭЭ.




Өнөөдөр бар өдөр

8 цагийн өмнө