Б.Ану-Үжин: Анхны бүтээгдэхүүнээ гар дээрээ авах мэдрэмж үгээр хэлэх аргагүй, шууд л уйлж байсан

Б.Ану-Үжин: Анхны бүтээгдэхүүнээ гар дээрээ авах мэдрэмж үгээр хэлэх аргагүй, шууд л уйлж байсан

Оргилуун хүсэл тэмүүлэлтэй, бизнес эрхлэгчдийн мөрөөдлөө биелүүлэх, санхүүжилтээ бий болгох “Шарк танк” нэвтрүүлгийн олны анхаарлыг татсан, өөрийн бизнестээ өндөр хүлээлт үүсгээд буй үнэртэн зохион бүтээгч Б.Ану-Үжинг онцлон ярилцлаа.

-Сайн байна уу? Та үзэгч, уншигчдадаа өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байна уу? Намайг Б.Ану-Үжин гэдэг. Би арван жилээ 96 дугаар сургуулийг сурч төгссөн. Мөн Отгонтэнгэр, Шихихутуг их сургууль болон АНУ-ын Линколиний их сургуульд Магистрын зэргээ тус тус хамгаалсан. Одоогоор давхар хувиараа үнэртэй усны бизнес эрхэлж байгаа.

-Саяхан “Шарк Танк” нэвтрүүлэгт оролцоод өөрийнхөө хувьд нэлээдгүй хөрөнгө оруулалт авч, олны анхааралд өртсөн. Тэр тухайд хуваалцахгүй юу?

-Сая 9 сард зураг авалтаа хийгээд саяхан цацагдсан. Миний яриа хүмүүст ч их хүрсэн. Өөрийн дэмжиж явдаг н.Мөнхнасан шаркаасаа бас хөрөнгө оруулалт авч чадсандаа үнэхээр баяртай байгаа. Энэ бол үнэхээр нэр төрийн хэрэг. “Шарк Танк”-ийг зүгээр нэг шоу, зүгээр нэг нэвтрүүлэг биш юм шүү гэдгийг нотлох болноо.

-Үнэртний тухайд үзэгч, уншигчдадаа хуваалцахгүй юу? Юугаараа онцлог вэ?

-Мэдээж Монгол эмэгтэйн бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог. Өөрийн бүтээгдэхүүнээ АНУ-ын зах зээлд гаргачихсан, Монголдоо ч бас хөөрхөн үйл ажиллагаа явуулж байгаа. Харин үйлдвэрлэлээ би АНУ-д гаргадаг учраас Монголд авчраад байх хүндрэл бэрхшээл тулгардаг. Иймд би тус нэвтрүүлэгт орж хөрөнгө оруулалт авч, цаашдаа энэ бизнесээ хөгжүүлэх зорилготой байсан юм. Одоо 500 ширхэг үнэртэй ус үйлдвэрлээд тэр борлуулсан ашгаараа Монголдоо үнэртэн хийх тоног төхөөрөмж авчрах зорилготой урагшилж байна.

-Үнэртэн нь хэдэн төрөлтэй вэ? Үнийн хувьд?

-Одоогоор нэг төрлийн хоёр өөр савлагаатай гарч байна. Ягаан цагаан гээд. Одоогоор 77500 төгрөгөөр худалдаалагдаж байгаа. Мэдээж Монгол бүсгүйчүүдийнхээ хийцэд таарсан үнэр, онцлогийг гаргах зорилготой дунд нь зөндөө судалгаа шинжилгээ хийсний үр дүнд үнэ ханш, үнэр, савалгаа гэх мэт зүйлсээ бодож олсон. Нэрний утгын хувьд “Yours truly” гэдэг нь чин сэтгэлээсээ зөвхөн танд зориулав гэсэн утгатай. Мөн Үжин гэдэг маань эртний хатдыг нэрлэсэн шүү дээ. Нийтдээ Монгол хатнаас танд зориулав гэсэн утга санаа юм.

-Анх хэзээнээс үнэртэн гаргаж эхлэв? Энэ санаа анх яаж гарч ирж байсан бэ?

-2017 оноос үнэртэй ус зохион бүтээх ажил маань эхэлсэн. 2018 оны 12 дугаар сард Монголд бүтээгдэхүүн маань бэлэн болж орж байлаа. Үнэртэн бүтээнэ гэдэг өөрөө маш их хугацааны ажил байдаг. Цаг хугацаа их ордог.

-Хамгийн анх өөрийн бүтээгдэхүүнээ гаргана гэдэг бол үгээр хэлэмгүй мэдрэмж шүү дээ? Тэр мэдрэмжээ хэнтэй хуваалцаж байв? Гэр бүл нь хэрхэн хүлээж авсан бэ?

-Анх үнэртэй ус зохиохдоо ерөөсөө өөртөө итгээгүй. Хүлээлтийн явцад нэг бол гэрийн үнэртүүлэгч ч юм шиг, эсвэл машины үнэртүүлэгч юм шиг болоод хэцүү үеүд их байсан. Тэгээд гар дээрээ анх аваад л “Ваав” гээд л би чадчихлаа, би үнэхээр ийм зүйл хийчихлээ. Монгол эмэгтэй чадчихлаа гэх мэдрэмж үгээр хэлэхийн аргагүй байсан. Би бүр уйлж байсан.

Тэгээд анх үнэртэн  гаргаж байхад хамгийн хэцүү байсан хүн нь манай нөхөрт л байсан. Яагаад гэвэл өдөр болгон гэрээс, надаас төрөл бүрийн үнэр үнэртдэг. Надад “өнөөдөр энэ үнэр гарчхаж тэ? Маргааш тийм болох юм байна тэ? Нөгөөдөр тэгэх юм байна тэ?” гээд байнга надтай ярилцаж, урам өгдөг учраас ханьдаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Мөн ээждээ ч гэсэн маш их баярладаг шүү хайртай шүү гэмээр байна.

-Төгсгөлд нь үзэгч, уншигчдадаа хандаад үг хэлэхгүй юу?

-Би яг үнэндээ намайг дэмжсэн бүх хүмүүсийн сэтгэгдэл, бүх пост нийтлэлийг харсан. Нэг бүтэн өдрийг өөртөө зарцуулаад харсан л даа. Үүнээс харахад миний нэг үг сэтгэлд нь маш их хүрсэн байна лээ. “Эмэгтэй хүн эмэгтэй хүндээ хайртай” гээд үүнийг дахиад хэлмээр байна. Тэгээд эрчүүддээ хандаж хэлэхэд эрчүүдийгээ ч бас мартаагүй байгаа шүү. Маш олон эрчүүд эрэгтэй хүмүүсээ яагаад ингээд ялгаварлаад байгаа юм бэ? Эрэгтэй үнэртэн хэзээ зохион бүтээх юм бэ гэсэн байсан. Сэтгэлийнхээ гүнд эрчүүдээ санаж явж байгаа шүү гэмээр байна.