"Бүргэдийн баяр" арга хэмжээг 22 дахь жилдээ зохион байгуулна

"Бүргэдийн баяр" арга хэмжээг 22 дахь жилдээ зохион байгуулна

“Бүргэдийн баяр 2021” ирэх арван хоёрдугаар сарын 4-5-ны өдрүүдэд  Баян-Өлгий аймгийн Бугат сумын Саят толгой хэмээх газар зохион байгуулагдах гэж байна.

Энэхүү "Бүргэдийн баяр 2021" нь коронавирусийн халдварын нөхцөл байдлаас үүдэн сүүлийн нэг жил зохион байгуулагдаагүй өвлийн аялал жуучлалын томоохон баяруудын нэг юм. Энэ удаагийн бүргэдийн баярыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн БОАЖГ, Монголын Бүргэдчидийн холбоо, Казах шувуулахуйн холбоо, Монгол Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар (УТХГ)-ын Хамгаалалтын захиргаа, Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргаа хамтран зохион байгуулж байна. Бүргэдийн баяраар казахуудын уламжлалт зан үйл, тэмцээнийг гадна, дотнын зочдод үзүүлэх аж.

Монгол Улсын аялал жуулчлалын хамгийн сонирхолтой өдөрлөгийн нэг болох "Бүргэдийн баяр" арга хэмжээг 2000 оноос эхлэн зохион байгуулсаар ирсэн билээ.

Арга хэмжээ нь тэмцээн хэлбэрээр явагддаг бөгөөд оролцох бүргэдчид үндэсний хувцсаараа гоёж, гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд сургасан морьтой жагсан баярын талбайд орж ирдэг уламжлалтай. Мөн тэмцээнд оролцогчид казах түмний уламжлалт зан заншлыг хадгалсан байдал, өнгө, дизайн болон сургаж гаршуулсан байдал зэрэг олон нарийн шалгуураар шалгаж, хамгийн уран оёсон үндэсний хувцас, морь болон бүргэдийн тоноглолтой оролцогчдоос шилдгүүдийг тодруулдаг билээ.