Б.Одмаа: Хүүхдээ харж, гэртээ байх хугацаандаа эхлүүлсэн бизнесээ брэнд болтол нь хөгжүүлэх мөрөөдөлтэй

Б.Одмаа: Хүүхдээ харж, гэртээ байх хугацаандаа эхлүүлсэн бизнесээ брэнд болтол нь хөгжүүлэх мөрөөдөлтэй

 

Гэртээ хүүхдээ харах хугацаандаа сонирхол, хоббигоо даган өөрийн бизнесээ эхлүүлсэн ээжүүд цөөнгүй байдаг. Тэдний нэг бол Б.Одмаа. Б.Одмаа 2019 онд анхныхаа хүүхдийг төрүүлсний дараа өөрийнхөө дуртай, сонирхолтой зүйлээ тууштай эрж хайсаар “Odum” хэмээх үсний гоёлын бизнесээ эхлүүлжээ. Бид энэ удаагийн ярилцлагын зочноороо түүнийг урьж, зорилго мөрөөдлөө хэрхэн биелүүлсэн талаар хуваалцлаа.

 

-ГЭРТЭЭ ХҮҮХДЭЭ ХАРАХ ХУГАЦААНДАА ХИЙЖ БОЛОХ, НАДАД ТОХИРОХ ЗҮЙЛ ГАР УРЛАЛ БАЙСАН-

-“Odum” бүсгүйчүүдийн дунд аль хэдийн танил болчихсон юм байна лээ. Тэгэхээр хоёулаа анх яагаад үсний гоёл хийх болсон түүхээс ярилцлагаа эхлүүлье. Бас манай уншигчдад өөрийгөө танилцуулаач.

-Намайг Болдбаярын Одмаа гэдэг. Би 24 настай. МУИС-ийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. Санхүүгийн байгууллагад зээлийн эдийн засагч мэргэжлээр ажиллаж байгаад хувийн шалтгаанаар урт хугацааны чөлөө авчихсан байгаа юм. Анх 2019 оны аравдугаар сараас хүүхдээ хараад гэртээ байх хугацаандаа гар урлалаа эхлүүлсэн. Ер нь багаасаа би ямар нэгэн зүйл хийнэ, дан ганц цалингийн орлогоор биш өөр төрлийн зүйл эхлүүлнэ гэж боддог байсан.

Хүүхдээ хараад гэртээ байх хугацаагаа интернет, инстаграмаас гараар хийж болохоор юу байна гэж хайж, судалдаг байлаа. Гэртээ хүүхдээ хараад сууж байгаа хүнд мөнгө, цаг зав байхгүй шүү дээ. Энэ үед яг надад тохирох, миний хийж болох зүйл гар урлал байсан. Өөрийнхөө тухайн үеийн нөхцөл байдал, боломжиндоо тааруулаад эхлүүлсэн зүйл маань өнөөдөр нэлээдгүй хүмүүст таалагдаад, тодорхой хэмжээний хэрэглэгчтэй болчихсон явж байгаад их баярладаг.

-Хамгийн эхлээд үйлчлүүлэгчид хүрсэн нь ямар төрлийн бүтээгдэхүүн байв?

-Анх дан шүртэй толгойн гоёл хийдэг байсан. Анхны бүтээгдэхүүнүүдийг найзууд маань нэлээдгүй авсан/инээв/ шүү. Яваандаа хамбан, даавуун материалаар сүлжмэл даруулга хийж бүтээгдэхүүнээ хөгжүүлж эхэлсэн.

-Аливаа зүйлийг эхлүүлэхэд чадах болов уу гэсэн айдас төрдөг шүү дээ. Таны хувьд тийм айдас, эргэлзээтэй тулгарсан уу?

-Үнэндээ анхнаасаа би яг ийм бүтээгдэхүүн хийнэ, ийм хэрэглэгчид зориулна гэсэн нарийн бизнесийн төлөвлөгөө байгаагүй. Шууд л хийгээд эхэлчихсэн гэж хэлж болно. Тийм болохоор ямар нэгэн айдас, эргэлзээ байгаагүй. Харин явцын дунд олон үйлчлүүлэгчтэй болоод бүтээгдэхүүнүүдийг маань аваад эхлэхээр тэд нарынхаа итгэлийг алдахгүй, чанартай зүйл хийх юмсан гэсэн айдастай болдог юм байна лээ.

-Бүтээгдэхүүнийхээ загвар, дизайныг яаж гаргадаг вэ. Та өөрийнхөө мэдрэмжээр хийдэг үү?

-Өөрийн толгойдоо бодоод хийж байгаа болохоор сонирхол маань тодорхой хэмжээгээр бүтээгдэхүүнд шингэдэг. Би өөрөө хэтэрхий гял цал, эрээн мяраан зүйлийг хэрэглээд байдаггүй. Аль болох даруухан, цэвэрхэн зүйл хийхийг зорьдог. Өнгө дээр мөн маш их анхаардаг. Ногоон өнгө байлаа гэхэд дотроо олон төрөл шүү дээ. Тиймээс аль ногоон өнгөнд нь хүмүүс илүү дуртай байх бол, одоо тренд болж байгаа нь аль нь билээ гэж бодож сонгодог.  

-ХҮН ГЭРТЭЭ СУУГААД ХҮҮХДЭЭ ХАРАХ ХУГАЦААНДАА ӨӨРИЙГӨӨ БОЛОМЖГҮЙГЭЭР Л ТӨСӨӨЛӨӨД БАЙДАГ ЮМ БИЛЭЭ-

-Та хүүхдээ хараад гэртээ суух хугацаандаа гар урлалаа эхлүүлсэн гэсэн шүү дээ. Хүргэлтээ яаж шийддэг байв?

-Тухайн үед нөхөр бид хоёр хоёулаа ажилтай. Би ажлын хажуугаар гар урлалаа хийгээд явдаг байсан. Захиалга их орж ирнэ. Нөхөр маань ажлаасаа ирэхэд хүргэлтдээ зөрөөд гардаг байлаа. Өнгөрсөн хоёрдугаар сараас маш их захиалга орж ирсэн. Энэ үед бүтээгдэхүүнээ 7 хоног хоцроож өгч байсан.

Хэрэглэгчдэдээ аль болох учир шалтгаанаа тайлбарласан болохоор гомдол ерөөсөө ирээгүй. Гэнэт огцом захиалга ороод ирэхээр бас бага зэрэг сандардаг юм байна лээ/инээв/. Одоо хүргэлт, бүтээгдэхүүн хийх гээд олон зүйл дээр дүү маань тусалж байгаа. Ямар ч байсан биднийг ойлгож, уужуу тайван хүлээцтэй ханддаг хэрэглэгчдэдээ маш их баярлалаа гэж хэлмээр байна.

-Хүн болгон хийж байгаа зүйлээсээ сайхан мэдрэмж, энерги авахыг зорьж байдаг. Таны хувьд яг юунаас нь илүү сайхан мэдрэмж авдаг вэ?

-Сүүлийн үед инстаграм дээр манайх захиалга авч байгаа. Инстаграм “стори”-оор дамжуулан хэрэглэгчид маань гоё үг бичиж бидэн рүү илгээдэг. Тэр бүхнээс маш их урам, зориг авна. Би өөрийнхөө гараар нэг зүйл хийгээд тэр нь хэсэг бүлэг хүмүүст таалагдаж, манай хэрэглэгч болоод явж байгаад маш их баярладаг. Жаахан сэтгэл тавгүй, хийх зүйл олдохгүй үед хийх юмтай байна гэдэг нь өөрөө маш сайхан. Дотроо олон зүйл бодчихсон, төлөвлөчихсөн байгаа. Цаг завтай болохоороо бүгдийг нь хийж туршиж үзнэ. Ямартай ч өөрийн эхлүүлсэн зүйлээ брэнд болтол нь хөгжүүлнэ гэж мөрөөддөг.

-Өөрийн дуртай, сонирхолтой зүйлээ яг тань шиг  ажил болгох юмсан гэж бодож суугаа олон ээж байгаа байх. Тэдгээр бүсгүйчүүдэд хандаад юу гэж хэлмээр байна?

-Анх юу ч хийгээгүй гэртээ байхдаа ямар нэгэн зүйл эхлүүлчихсэн хүмүүсийг хараад ямар мундаг юм бэ гэж их боддог байлаа. Ер нь хүн гэртээ суугаад хүүхдээ харах хугацаандаа өөрийгөө боломжгүйгээр л төсөөлөөд байдаг. Гэхдээ өөрийнхөө одоогийн нөхцөл байдал, одоогийн боломжиндоо тааруулаад ямар нэгэн зүйлийг эхлүүлээрэй л гэж хэлмээр байна.

Тэр зүйлээ хөгжүүлээд  тууштай байвал нэг л өдөр зорьсон санасандаа хүрнэ гэсэн итгэл үнэмшилтэй явдаг. Ямар нэгэн зүйлийг хийчих юмсан гэж дотроо боддог ээжүүд байвал хайж үзээд өөрийн сонирхдог зүйлээ цаг алдалгүй эхлүүлээрэй гэж хэлмээр байна.

Б.Одмаа дүүгийн хамт гар урлалаа хийдэг байна