Маргаашаас ихэнх нутгаар хүйтэрнэ

Маргаашаас ихэнх нутгаар хүйтэрнэ

Ойрын хоёр хоногтоо нутгийн хойд хэсгээр цас орж, энэ сарын 10-наас ихэнх нутгаар хүйтэрч, говь, тал хээрийн нутгаар салхитай байна.

Өнөөдөр /2021.12.09/ нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн баруун хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус хүйтэн, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 5-7 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.