Монголын Үндэсний Археологи, угсаатны музей, лабораторийн шав тавих ёслол боллоо

Монголын Үндэсний Археологи, угсаатны музей, лабораторийн шав тавих ёслол боллоо

Төв аймгийн Зуунмод суманд Монголын Үндэсний Археологи, угсаатны музей, лабораторийн шав тавих ёслол өнөөдөр боллоо.

Энэ арга хэмжээнд Соёлын дэд сайд М.Батбаяр, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, “Чингис хаан” хаад язгууртны музейн захирал, Академич С.Чулуун болон бусад албаныхан, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Г.Эрэгзэн, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал Ц.Цэрэндорж, Монголын үндэсний музейн захирал Л.Жаргал, Барилгын ерөнхий гүйцэтгэгч “Тэргүүн Чансаа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ундрахбаяр, Барилгын зургийн автор “Балданс” ХХК-ийн захирал Б.Онон нар оролцлоо.

Монгол Улсад археологийн чиглэлээр Шинжлэх Ухааны Академийн Археологийн хүрээлэн тэргүүлэн, Түүх-угсаатны зүйн хүрээлэн, Монголын Үндэсний музей, Монгол Улсын Их сургууль, Шинжлэх Ухаан технологийн Их сургууль, Улаанбаатарын Их сургууль, Нүүдлийн соёл иргэншлийг судлах Олон Улсын хүрээлэн зэрэг байгууллагууд судалгаа шинжилгээний ажил хийдэг бөгөөд Археологийн хүрээлэнгийн сан хөмрөгт 8 мянга гаруй дэсийн 20 мянга илүү олдвор хэрэглэгдэхүүн, бусад байгууллагуудын сан хөмрөгт ч дутахааргүй олон тооны археологийн олдвор, эд өлгийн зүйлс хадгалагдаж байна.

Дээрх байдал нь археологи болон угсаатны музей байгуулахад хангалттай олдвор хэрэглэгдэхүүн цугларсан төдийгүй боломж нөхцөл бүрдсэнийг харуулах бөгөөд тусгайлсан музей байгуулж үзүүлэн таниулах, олон нийтийг соён гэгээрүүлэх шаардлагатайг харуулж байгаа юм.