IZC худалдан авсан иргэдийн мөнгийг буцаан шилжүүлэхээр боллоо

IZC худалдан авсан иргэдийн мөнгийг буцаан шилжүүлэхээр боллоо

IZC койн гаргагч Г.Ирээдүй буюу ноён IZ цугларсан мөнгөө иргэдийн дансанд буцаан шилжүүлэхээ мэдэгдлээ. Учир нь төсөл хэрэгжих боломжтой хамгийн доод дүн 25 тэрбум төгрөгт хүрээгүй тул цугласан мөнгийг буцаахаар болжээ.

БУЦААН ШИЛЖҮҮЛЭГ

"IZC ICO Дүн бидний Soft Cap буюу төсөл хэрэгжих боломжтой хамгийн доод дүн 25 тэрбум төгрөгт хүрээгүй тул бид амласан ёсоор цугласан мөнгийг анх орж ирсэн данснуудад буцаан илгээх болно. Биднийг эхнээс нь эхлээд дэмжиж итгэж байсан хэрэглэгчид маш их байгаа бөгөөд тэдгээр хэрэглэгчдийг хохироохгүй байх үүднээс бид одоогийн байдлаар үндсэн вебсайтаар дамжуулан хэрэглэгчдээс "IZC токеноо мөнгө болгон татах уу?", эсвэл "токеноо HODL хийх үү?" гэсэн санал асуулга явуулж байна.

Хэрэв төслийг дэмжих мөнгөн дүн хангалттай хэмжээнд хүрвэл бид тухайн хэрэглэгчдийн токеныг хэвээр нь үлдээж 2 дахь зах зээлд гаргах тал дээр ажиллаж эхлэн үлдсэн хэрэглэгчдийн мөнгийг буцаан шилжүүлэх ажлыг гүйцэлдүүлэх юм.

Мөнгө таталт нээгдсэнээс хойш нийт 594,535,706 төгрөгийн шилжүүлэг буцаан оруулжээ. Хэрэв төсөл үргэлжлэхийг дэмжих хэрэглэгчдийн мөнгөний хэмжээ хангалттай дүнд хүрэхгүй байвал бид үлдсэн баланстай хэрэглэгчдийн мөнгө болон IZC худалдан авсан 13393 хэрэглэгчийн нийт 19,465,812,951 төгрөгийг буцаан оруулах болно. Ирэх долоо хоногийн Даваа гаригт буюу 12 сарын 13 өдрөөс бид Хаан Банктай хамтран ажиллаж хэрэглэгчдийн мөнгийг алдалгүй хариуцлагатай оруулж эхлэх болно. Энэ хугацаанд бид нийт цугласан 20,431,263,292 төгрөгөөс огт зарлага гаргаагүй гэдгийг нүүр бардам хэлэхэд таатай байна. Мөн мэдээж шимтгэлийн зардлыг бид өөрсдөө гаргах болно" гэжээ.