БНХАУ-аас нэмэлт шаардлага тавьж, Эрээний хилээ ӨНӨӨДРӨӨС эхлэн дахин тодорхойгүй хугацаагаар хаажээ

БНХАУ-аас нэмэлт шаардлага тавьж, Эрээний хилээ ӨНӨӨДРӨӨС эхлэн дахин тодорхойгүй хугацаагаар хаажээ

Эрээний хил энэ сарын 10-ны өдөр нээгдэж нийт 54 ачааны автомашиныг дундын бүс рүү оруулсан. Гэсэн ч БНХАУ-ын талаас дахин хэд, хэдэн шаардлагыг тавьж, шийдвэр гарах хүртэл буюу тодорхойгүй хугацаагаар хилээр автомашин оруулж, гаргах ажлыг дахин зогсоосон байна.

ТОДРУУЛБАЛ;

Нэгдүгээрт, өнөөдөр /2021.12.13/ Бээжингийн төрийн зөвлөлөөс “Хил боомтын аймаг, орон нутгууд тээвэрлэлтэд илүү хатуу хяналт, зохион байгуулалттай ажилла” гэх шийдвэрийг гаргажээ.

Хоёрдугаарт, Хятад жолооч нарын тусгаарлах байр зөвхөн тэдэнд үйлчлэх ШТС-ыг Эрээнд барих шийдвэрийг гаргажээ. Тиймээс тус байр ашиглалтад орох хүртэл экпортыг түр зогсооно гэж БНХАУ-ын талаас мэдэгдсэн байна. Хил нээх хугацаа нь тодорхойгүй бөгөөд “Тун удахгүй” гэх хариултыг манай улсын Гадаад харилцааны яаманд мэдэгдсэн байна. 

Гуравдугаарт, өнгөрсөн Бямба, Ням гараг /2021.12.11-12/-т Монгол жолооч нар дундын бүс рүү нэвтэрсэн учраас халдваргүйжүүлэлт, халдварын эрсдлийн анализ хийнэ гэж БНХАУ-ын талаас мэдэгджээ. Энэ мэт шаардлагыг БНХАУ-ын талаас тавьж, асуудлыг шийдвэрлэх хүртэл хилээр автомашин гаргахгүй гэжээ.

Тэгэхээр бидэнд дахин хүлээх шаардлага тулгарсан гэсэн үг. Монголын талаас шаардлагатай бүхий л арга хэмжээг авч буй бөгөөд БНХАУ-аас дээрх шаардлагыг тавьж, асуудлыг тулгаж буй учраас ямар ч гарц, гаргалгаагүй болсон гэсэн үг юм.

Манай улсын хувьд эм, эмнэлгийн хэрэгсэл зэрэг нэн шаардлагатай бараагаа вагоноор татан авч байгаа. Харин бусад бараа, материалууд БНХАУ-ын Эрээн боомт дээр гацаад байгаа юм. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар Монголын талын албаныхан үүн дээр идэвхтэй ажиллаж, бүхий л талаар Хятадын талыг шахаж байгаа аж.