Орчин цагийн худалдааны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиож байна

Орчин цагийн худалдааны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиож байна

Өнөөдөр ГХЯ-нд Монгол Улсын худалдааны салбарын 100 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна.

Худалдааны салбарын ололт амжилт, түүхийн сургамж, өнөөгийн нөхцөл байдал, хэтийн төлөвийн талаарх судалгаа шинжилгээний ажлын үр дүнг хэлэлцэж, салбарын бодлого, зохицуулалтад тусгах санал, зөвлөмжийг боловсруулах зорилгоор өнөөдөр /2021.12.15/ “Монголын Худалдаа 100 жилд: Өнгөрсөн, Одоо, Ирээдүй” сэдвийн дор олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна. Тус хурал “Худалдаа”, “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ” гэсэн үндсэн хоёр салбар хуралдаантай.

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 16-ны өдөр Монгол Улсад орчин цагийн худалдааны салбар үүсэж хөгжсөн тэмдэглэлт өдөр тохиодог бөгөөд энэ жил манай улс түүхт 100 жилийн ойтойгоо золгож байгаа билээ.

Энэ хуралд Монгол, Япон, БНСУ, ОХУ, АНУ, БНХАУ-ын төрийн байгууллага, олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, судалгааны төвийг төлөөлсөн ажилтан, судлаачид оролцож, нийт 21 илтгэл танилцуулж, худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Хурлыг танхим, цахим хосолсон хэлбэрээр 9-16 цагийн хооронл зохион байгуулагдаж байна.

Түүнчлэн Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Б.Нагнайдоржийн бүтээсэн “Худалдааны салбарын 100 жил” хэмээх түүхэн баримтат киноны нээлт болно. Мөн Монгол шуудан ХК-аас бүтээсэн “Худалдаа, үйлчилгээний салбарын 100 жил” сэдэвт шуудангийн марк, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас худалдааны түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулах аж.