"Шинэ жил"-ээр урлагийнхны ханш өссөн ч тэд ТАТВАР төлөх нь цөөн байна

"Шинэ жил"-ээр урлагийнхны ханш өссөн ч тэд ТАТВАР төлөх нь цөөн байна

Монголчууд цар тахлын нөхцөл байдлын улмаас хамт олон, байгууллагаараа хоёр жилийн хугацаан "шинэ жил"-ийн баярыг тэмдэглэлгүй өнжсөн. Харин энэ жил төрийн байгууллагаас бусад нь буюу хувийн хэвшлийнхнийг шинэ жилийн баяраа тэмдэглэх боломжтой гэдгийг Улсын онцгой комиссоос мэдэгдсэн.

Тэгвэл шинэ жилийн баярыг тэмдэглэдэг арванхоёрдугаар сард урлаг, соёлынхон хамгийн их орлоготой ажилладаг байна. Гэтэл түүнийхээ хэмжээгээр орлогын тайлангаа гаргаж, татвар төлдөг нь цөөн аж. Тухайлбал, тэд төлбөрөө ямар нэгэн шимтгэл суутгалгүй 100 хувь бэлнээр авдаг. Эргүүлээд төлөгч байгууллагадаа баримт өгдөггүй. Улмаар орлогоосоо татвар төлдөггүй байж болзошгүй зэрэг зөрчилтэй байна.

Энэ талаар урлагийнхний дийлэнх нь харьяалагддаг Хан-Уул дүүргийн Татварын газраас NTV телевизид мэдээлэл өгөхдөө “Ганц Хан-Уул дүүрэгт гэхэд уран бүтээлчдийн 57 хувь нь хүн амын орлогын албан татвар төлдөггүй. Хөтлөгч Д.Одзаяа болон зарим залуу дуучид тайлангаа өгч татварын харилцаанд ордог. Учир нь тэдэнтэй хамтарч ажилладаг байгууллагууд хасагдах зардлын тайлангаа гаргахын тулд и-баримт шаарддаг. Тиймээс урлагийнхний олж буй орлого ил болж тайлан өгдөг. Тайлангаа хугацаанд нь өгөхгүй бол 150 нэгжтэй тэнцэх мөнгөн торгуулийн арга хэмжээ авдаг” гэжээ. 

Дашрамд  дурдахад, энэ жил хамтлаг, дуучдын үнэ ханш өмнөх жилүүдийнхээс өссөн байна. Тухайлбал, Рок поп ертөнцийн “акул” гэгддэг “Харанга” хамтлагийнхан 2019 онд 10 сая төгрөгөөр дуулж байсан бол энэ жил 30 минутын тоглолт нь 20 сая төгрөг болж өсчээ. Харин “Хурд” хамтлаг 12-15 сая төгрөгөөр тоглож байна. Мөн төрийн соёрхолт, дуучин Д.Болд нэг дуугаа 3,5 сая төгрөгөөр дуулах бол МУГЖ, дуучин Т.Ариунаагийн хувьд хоёр дууг 5 сая төгрөгөөр дуулах юм байна. Харин МУГЖ , дуучин Б.Сарантуяа хоёр дууг гурван сая төгрөгөөр дуулахаа мэдэгджээ.

Монголын рок попын ертөнц дэх хамгийн эрэлттэй эмэгтэй уран бүтээлч “Киви” хамтлагийн ахлагч, дуучин Ука 2-3 дууг 3.5 сая төгрөгийн үнэтэй дуулах аж. Залуу дуучин С.Зоригт, А.Хишигдалай нар 2-3 дууг 3 саяар дуулж байна. 

Хамт олны шинэ жилийн арга хэмжээнд хамтлаг дуучдаас дутахааргүй өндөр хөлстэй "үйлчилдэг" хүмүүс бол хөтлөгчид. Олны танил жүжигчид, хөтлөгчид 3 саяас эхлэн 5 саяар хөтлөх аж. Харин олонд танигдаагүй хөтлөгчид 500-800 мянган төгрөгөөр танай хамт олны үйл ажиллагааг хөтөлж байна. Жишээлбэл, “Яг түүн шиг” шоуны хөтлөгч Б.Болд, Э.Цолмонбаяр, Г.Анхбаяр, Э.Ууганбаяр нарын захиалга дүүрч, 5 сая төгрөгөөр баярын арга хэмжээ хөтөлж яваа аж. Харин хошин урлагийн жүжигчин О.Тэмүүжин, Г.Алтаншагай, комеди н.Амараа зэрэг хөтлөгчид 2-3 саяар хөтлөлт хийх ажээ.




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө