Австралийн Тасмани арлын Девонпорт хотод өчигдөр/2021.12.15/ хүүхдийн тоглоомон хийлдэг байшингаас дөрвөн хүүхэд унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Мөн таван хүүхэд хүнд болон хөнгөн бэртэл авсан байна.
Хүүхдүүд хийлдэг байшин дотор тоглож байсан бөгөөд энэ үед хүчтэй салхи салхилж, дээш хөөрчээ. Улмаар 10 метрийн өндрөөс шидэгдэж, амиа алдсан байна. Ослын дараа түргэн тусламжийн эмч нар шуурхай ирж гэмтсэн хүүхдүүдийг нисдэг тэргээр эмнэлэгт хүргэн анхны тусламж үзүүлжээ.
Одоогоор амиа алдсан хүүхдүүдийн нас нь тодорхой болоогүй байгаа ч хоёр нь эрэгтэй, хоёр нь эмэгтэй байсан гэж мужийн эрх баригчид мэдэгдсэн байна. Ослын дараа Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон мэдэгдэл хийж, эмгэнэл илэрхийлжээ.
Уг төрлийн осол өмнө нь 2019 онд Хятадад болж байв. Тухайн үед хоёр хүүхэд амиа алдаж, 20 гаруй хүүхэд бэртэж байжээ. Мөн 2020 онд Их Британийн наран шарлагын газар хийлдэг цайз дэлбэрч нэг охин амиа алдаж байв.
Эх сурвалж: BBC