Б.Билэгт: Хотын дарга асан Х.Нямбаатарыг есдүгээр сарын 25-нд яллагдагчаар татсан, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна

Б.Билэгт: Хотын дарга асан Х.Нямбаатарыг есдүгээр сарын 25-нд яллагдагчаар татсан, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна

Хотын дарга асан Х.Нямбаатарыг яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Гэхдээ холбогдох байгууллагаас өнөөг хүртэл албан ёсны мэдээлэл өгөөгүй байгаа билээ. Тэгвэл энэ асуудлаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Б.Билэгтээс тодрууллаа.

ШУУД ҮЗЭХ:

-Х.Нямбаатарыг яллагдагчаар татсан гэх мэдээлэл гараад байгаа. Үүнтэй холбогдуулан та албан ёсны мэдээлэл өгөхгүй юу? Хэрэв энэ үнэн бол ямар зүйл ангиар яллагдагчаар татсан бэ?

-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Х.Нямбаатарт 2026 оны есдүгээр сарын 25-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан. Энэ бол үнэн. Одоо мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Улсын Ерөнхий прокурорын тушаалаар гурван байгууллага буюу ТЕГ, АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Энэ хүрээнд нийслэлээс хэрэгжүүлж байгаа бүх төсөл, хөтөлбөрийг шалгаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Ингэхдээ түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.3 буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэсэн зүйл ангиар холбогдуулан шалгаж байна.

-Олон нийтийн сүлжээгээр Х.Нямбаатарыг яллагдагчаар татсан нь худал гэх мэдээлэл гараад байна. Тэгвэл яллагдагчаар татсан тогтоолыг олон нийтэд танилцуулах боломжтой юу?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэргийн материалтай танилцах хэд хэдэн үндэслэл бий. Тухайлбал, хэргийн яллагдагч, хохирогч болон бусад оролцогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар мөрдөн шалгах ажиллагаа дууссан тохиолдолд хэргийн материалтай танилцах боломжтой. Хэрэгт оролцогч бус хүмүүс хэргийн материалтай танилцахыг хуулиар хориглосон. Тэгэхээр олон нийтэд тус тогтоолыг танилцуулж болохгүй гэсэн үг юм.

-Х.Нямбаатарт яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулах ажиллагаа явагдсан байх. Энэ тухайд?

-Тийм. Хуулийн хүрээнд тогтоол танилцуулах ажиллагаа явагдсан. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учир дэлгэрэнгүй, нарийн мэдээлэл өгөх боломжгүй.