Яармагийн замын нэгдүгээр эгнээг автобусны хөдөлгөөнд зориулан чөлөөлж эхэллээ

Яармагийн замын нэгдүгээр эгнээг автобусны хөдөлгөөнд зориулан чөлөөлж эхэллээ

Нийслэлийн Засаг даргын 2026 оны есдүгээр сарын 30-ны өдрийн А/1338 дугаар захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт зам тээврийн ослыг бууруулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, түгжрэлийг бууруулах зорилгоор “Шуурхай штаб” байгуулжээ.

Энэ хүрээнд нийтийн тээврийн автобусыг саадгүй зорчуулах зорилгоор Чингисийн өргөн чөлөө болон Наадамчдын өргөн чөлөөний авто замын нэгдүгээр эгнээг чөлөөлж эхэлсэн байна.

Мөн Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн алба, Нийтийн тээврийн бодлогын газар, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ хамтран гэрлэн дохионы зохицуулалтыг төвөөс шууд удирдах, шаардлагатай үед хөдөлгөөний урсгалыг шуурхай зохицуулах арга хэмжээг хэрэгжүүлж байгаа аж. Иймд жолооч нарыг Чингисийн болон Наадамчдын өргөн чөлөөний авто замын нэгдүгээр эгнээгээр зорчихгүй байхыг анхаарууллаа.